Энтертайнмент
Катар-2022: Монголтой шилдэг багаа тоглуулах хэрэггүй гэв
“Катар-2022″ ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “F” хэсгийн Монгол, Японы тоглолтыг манай улс эх орондоо хүлээн авах байсан ч Улсын онцгой комиссоос тус тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй гэж үзсэн билээ.
Ингээд тус тоглолт гуравдугаар сарын 30-нд Япон улсын Чиба хотын Фүкүда Дэнши Арена-д явагдахаар болсон билээ.
Энэ талаар Японы “Football-zone” цахим сэтгүүлд 2-р сарын 12-нд гарсан нийтлэлийг товчлон хүргэе.
Гадаадад тоглодог шилдгүүдээ авчрах хэрэггүй
Кабэ Кивамү
Цар тахлын улмаас хойшлогдоод байсан Катар ДАШТ-ий Азийн хэсгийн урьдчилсан тоглолт сэргэн явагдах боллоо. Ирэх сарын 30-нд манай шигшээ Монголын шигшээтэй тоглоно.
Коронавирус, цар тахлын байдлыг бодоод үзэхэд энэ тоглолтод Европын багт тоглодог шилдгүүдийг авчралгүй дотоодын J лигт тоглодог тамирчдыг урих байх. Уг нь бол 24 хүртэлх насны залуучуудын багаа тоглуулах хэрэгтэй ч тэд Монголтой тоглохоос нэг хоногийн өмнө Кюүшюүд тоглолттой таарчээ.
Тэр үед цар тахлын хөл хорио цуцлагдсан байлаа ч гэсэн Азийн урьдчилсан шатны тоглолтод Европт тоглодог сайчуулаа авчирч чадахгүй байж ч мэднэ. Дэлхийн хөлбөмбөгийн ертөнц Европ болон тус тивийн багуудыг л тойрон эргэлддэг. Тоглогчид бол тус багийн өмч, чухал хөрөнгө. Сайн хөлбөмбөгчөө тэд шигшээ багт нь явуулах дургүй. Тиймээс тэднээс тоглогчийг нь гуйн зээлж байгаа шигшээ багийн хувьд багуудтай аль болох сайн харилцаатай байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл чухал хэрэгцээгүй үед заавал гадаадад байгаа хөлбөмбөгчдөө авчрах шаардлага байхгүй.
Жишээ нь, өнгөрсөн жил Монгол, Мьянмарын багтай манай шигшээ баг Европт тоглодог шилдгүүдээрээ тоглосон. Энэ хоёр тоглолтод дотоодод тоглодог гуравхан тоглогч талбайд гарсан билээ. Монголын шигшээтэй тоглохдоо манай баг 6-0 ялсан. Монголын хаалганд 32 гэсэн цохилтын шуурга буулгасан ч өрсөлдөгч нь манай хаалга руу нэг ч цохисонгүй. Булангийн цохилт Япон 17 удаа гүйцэтгэхэд монголчууд нэг ч байхгүй. Илт давуу ялалт байлаа.
Мэдээж шигшээ багийн тамирчид хамтдаа цуглах, бэлтгэл хийх боломж ховор тул байн байн уулзаж байх хэрэгтэй. Гэхдээ муу багтай тоглохын тулд алс хол Европоос ирсэн тамирчин ядарч цуцан, магадгүй гэмтээд багтаа харьвал юу болох вэ? Баг нь уурлана, магадгүй тэр тамирчин талбайд гарах нь цөөрч, сэлгээнд шилжих магадлалтай. Тэгвэл Японы шигшээ багийн хувьд тун муу зүйл билээ.
Өөрөөсөө түвшин доогуур багтай тоглоно гэдэг эсрэг багийн тамирчдын ур чадвар, техник нь муу гэсэн үг. Амархан ялна гээд эрсдэл бага гэсэн үг биш. Урьд өмнө Оно Шинжи олимпын наадмын урьдчилсан шатанд Филиппинтэй хийсэн тоглолтод араасаа жийлгэж, маш хүнд гэмтэл авч байсныг сана.
Тэгээд ч дотоодод тоглодог залууст олон улсын тэмцээний утаа үнэрлүүлэх хэрэгтэй. Дандаа шилдгүүд нь шигшээд тоглоод байж таарахгүй. Угаасаа дараагийн шатанд шалгарах нь тодорхой тэмцээн.
Ер нь Монголын шигшээтэй лигийн Кавасаки Фронтале багийг тоглуулсан ч болно. Үгүй бол J лигт талбайд бараг гарч чадахгүй байгаа залуучуудаа өрсөлдүүлсэн ч болно гэж бодож байна.