Дэлхий
Хятад КОВИД-19-тэй холбоотой гол мэдээллээ ДЭМБ-д өгөхөөс татгалзсан гэв
ДЭМБ-ын шинжээчдийн баг КОВИД-19-ийн халдварын гарал үүслийг тогтоохоор БНХАУ-ын Ухань хотод судалгаа хийж буй. Тэгвэл Хятадын талаас коронавирустэй холбоотой гол мэдээллээ өгөхөөс татгалзсан гэж шинжээчдийн багийн гишүүн хэлжээ.
Багийн гишүүн, Австралийн халдварт өвчний шинжээч Доминик Дуайер “Бид өвчтөнүүдийн өвчний түүхийн мэдээллийг дэлгэрэнгүй авахыг хүссэн ч бидэнд зөвхөн тойм мэдээ өгсөн. Халдварын тархалтыг судлахын тулд нэрийг нь нууцалсан өвчтөнүүдийн мэдээллийг ашиглах нь бодит үр дүнтэй стандарт арга юм. Энэхүү мэдээлэл нь КОВИД-19-ийг ойлгоход маш чухал ач холбогдолтой учраас л бид хүссэн” хэмээжээ.
АНУ болон Австрали зэрэг улсууд Ухань хотын захыг халдварын анхны голомт гэж үзэж байгаа ч Хятад улс үүнтэй санал нийлэхгүй байгаа ба импортын хөлдөөсөн хоолтой холбоотой хэмээн мэдэгдсэн.
ДЭМБ-ын төлөөлөгч Питер Бен Эмбарек өнгөрсөн долоо хоногт “Халдвар амьтнаас гаралтай байж болзошгүй ч хил дамнаж тархахын тулд урт хугацаа, их зайг туулах шаардлагатай. Харин хөлдөөсөн хоолноос илэрсэн гэх хувилбар нь вирусийн хурдан тархсан шалтгааны хариулт байж магадгүй” гэсэн юм.
Шинжээчдийн судалгаанд аль нэг талын нөлөө, дарамт шахалт байх ёсгүй бөгөөд үр дүн нь баталгаатай байх ёстойг АНУ болоод ДЭМБ-аас анхааруулж ярьсаар байна.
Эх сурвалж: TheGuardian