Эдийн засаг

Мазаалай бондын 130 сая ам.долларын өрийг ирэх ДӨРӨВДҮГЭЭР сард төлнө

Нийтэлсэн

2020 оны  тавдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үнэлсэн мэдэгдэл гаргаж байсан олон улсын рейтингийн “Фитч” агентлаг энэ сарын эхээр гаргасан мэдэгдэлдээ манай зээлжих зэрэглэлийг цаашид буурах эрсдэлтэйг, ирэх жилүүдэд төлөх өрийн хэмжээ өндөр байгааг сануулсан билээ.

Зээлжих зэрэглэлийг бууруулахад нөлөөлөх хүчин зүйлсийг улстөрийн тогтворгүй байдал, хөрөнгө оруулагчдад хандах хандлагатай холбон тайлбарлаж буй юм. “Фитч” өмнөх үнэлгээгээрээ зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээхдээ “Коронавирусний  шокийн нөлөөллөөр, түүхий эдээс өндөр хамааралтай улмаас ДНБ болон экспортын өсөлт огцом саарч, төсвийн санхүүжилт тасалдаж, гадаад буфер муудсан нь Зээлжих зэрэглэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч үүсээд буй шокоос хамааралтай нөхцөл байдал түр хугацаанд үргэлжлэх төдийгүй 2021 оноос эдийн засаг огцом сэргэж засгийн газрын өр/ДНБ-ий харьцаа буурна” гэж үзсэн байдаг.

Тэгвэл сүүлийн тооцооллыг нь харахад энэ онд Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 6.1 хувьд хүрнэ гэж тус агентлаг төсөөллөө. Гэхдээ энэ хэмжээний өсөлтөд хүрэхэд гадны хөрөнгө оруулалт, санхүүжилт гол түшиц гэдгийг тэд онцолж буй юм.

 

“Фитч”-ийн мэдэгдэлд анхааруулаад буй өрийн асуудлыг тодотгон авч үзье.

 

2020 оны гуравдугаар улирлын байдлаар Засгийн газрын нийт гадаад өр 8 тэрбум ам.доллар, Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 31.1 тэрбум ам.доллар байгаа юм. Энэ нь өмнөх улирлаас Засгийн газрын өр 2 хувь буюу 161 сая ам.доллароор өссөн бол Улсын нийт гадаад өр 1 хувь буюу 378,5 сая ам.доллароор өссөн үзүүлэлт.

Төв банкны өр 3 хувь буюу 70.5 сая ам.доллар, хадгаламжийн байгууллагуудын өр 4 хувь  буюу 66.4 сая.ам доллараар тус тус өсжээ.

НИЙТ ГАДААД ӨРИЙН:

 

  • 26 хувийг Засгийн газрын өр
  • 7  хувийг Төв банкны өр
  • 6  хувийг хадгаламжийн байгууллагуудын өр
  • 26 хувийг бусад салбаруудын өр
  • 36 хувийг компани хоорондын зээллэгийн өр тус тус эзэлж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2021-2026 он хүртэлх хугацаанд төлөх бондын өрийн мэдээллийг харахад ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдөр буюу хоёр сар хүрэхгүй хугацааны дотор Засгийн газар Мазаалай бондын 130 сая ам.долларын өрийн үлдэгдлийг  төлөх ёстой байна. Өнгөрсөн есдүгээр сард  Засгийн газар  600 сая ам.долларын  “Номад” бондыг гадаад зах зээлд гаргасан.  5.125% хүүтэй гаргаснаар энэ  онд эргэн тѳлѳгдѳх Мазаалай бондын 380 сая ам.доллар, ирэх 2022 оны Чингис бондын 220 сая ам.долларын дахин санхүүжилтийг хийсэн гэж өмнөх Сангийн сайд тайлбарласан. Цаашид Чингис бондын төлбөрийн үлдэгдэл, Хуралдай, Гэрэгэ, Номад бондуудын төлбөрийг төлөхийн тулд  Монгол Улс өрийн удирдлагыг цаг алдахгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний тулд зээлжих зэрэглэлээ унагахгүй байхад анхаарах хэрэгтэй юм. 

Exit mobile version