Дэлхий

Баруун Африкийн Гвиней улсад эбола тахлын шинэ голомт илэрчээ

Нийтэлсэн

Баруун Африкийн Гвиней улсад эбола вирусийн тахал дэгдэсний улмаас онц байдал зарлажээ. Тус улсад эбола вирусийн халдварын долоон тохиолдол бүртгэгдсэнээс гурав нь нас барсан байна.

Хамгийн сүүлд 2013-2016 онд Гвинейд эболагийн тахал дэгдэхэд баруун Африкийн бусад орнуудыг хамарч, нийтдээ 11,300 гаруй хүн нас барж байжээ.

Эбола өвчний вирус 1976 онд тухайн үеийн Зайр, одоогийн Бүгд Найрамдах Конго улсад анх илэрч байсан юм.

Гвинейн нийслэл Конакри дахь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын суурин төлөөлөгч яаралтай тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

Нэгдүгээр сарын сүүлээр зүүн өмнөд Гвинейд нэг хүн нас барж, хоёрдугаар сарын 1-нд оршуулсан байна. Уг оршуулгад оролцсон зарим хүнээс хэдэн өдрийн дараа эболагийн халдварын шинж тэмдэг илэрч эхэлжээ.

Тэдний шинжилгээний хариу саяхан гарснаар эбола тахал дэгдсэнийг мэдсэн байна.

Гвиней улстай хил залгаа Либери улсын эрүүл мэндийн байгууллагууд Ням гарагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.

Бүгд Найрамдах Конго улсад 2016 оноос хойш хэд хэдэн удаа эболагийн тахал дэгдэж байв. Хамгийн сүүлчийн голомт дарагдсанаас хойш гурван сарын дараа дахин халдварын тохиолдол шинээр илэрснийг өнгөрсөн Пүрэв гарагт ДЭМБ зарласан юм.

Өнгөрсөн онд Конго улсад арван нэгдэх удаагаа эболагийн халдвар дэгдэхэд 130 хүн халдвар авснаас 55 нь нас барсан байна.

2013-2016 оны дэгдэлт эбола вирусийн эсрэг вакцин бүтээх үйл явцыг хурдасгаснаар өнөөдөр баруун Африкийн орнуудын хүн амыг дархлаажуулж, тахлын хамрах хүрээг хязгаарлаж чаддаг болоод байгаа. Өнөөдрийн байдлаар 500,000 тун вакциныг яаралтай тохиолдолд ашиглахаар нөөцлөөд байгааг Gavi Vaccine Alliance байгууллага мэдээлжээ.

Эх сурвалж: AFP

Exit mobile version