Дэлхий
Адар Пунавалла: Гуравдугаар сараас эхлэн бид коронавирусийн эсрэг вакцинд бүх хүчээ төвлөрүүлнэ
Их Британийн The Guardian сонин дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч болох Энэтхэгийн Serum Institute of India (SII) компанийн гүйцэтгэх захирал Адар Пунаваллатай ярилцжээ.
SII нь удахгүй AstraZeneca/Oxford-ийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг бөөнөөр үйлдвэрлэж эхлэх гэж байна. Мөн Novavax, Codagenix, SpyBiotech гэсэн гурван компанийн вакциныг үйлдвэрлэх захиалга авчээ.
Одоо 40 настай Пунавалла компани нь жил бүр 1.5 тэрбум тун вакцин үйлдвэрлэж, дэлхийн дундаас доош орлоготой 170 орчим улсад нийлүүлдгийг ярьсан байна. Эндээс харвал дэлхий нийтийн цар тахалтай тэмцэх үйлсэд тус компанийн гүйцэтгэх үүрэг чухал болоод байгаа юм.
“Бид гуравдугаар сараас эхлэн Covid-19 өвчний эсрэг вакцины үйлдвэрлэлд бүх хүчээ төвлөрүүлнэ. Өнөөдөр коронавирусийн ямар ч вакцин үр дүнтэй болно гэсэн баталгаа байхгүй байна. Тиймээс бид маш том эрсдэл үүрч байгаа. Коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэхэд зориулж бид үйлдвэртээ $800 саяын хөрөнгө оруулалт хийж байгаагийн $270 саяыг өөрсдөө гаргаж, бусдыг нь Билл Гэйтсийн сан болон бусад орнуудаас авсан. Зөвхөн коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэлд 1,000 орчим хүн ажиллана. Яг одоо манай хүчин чадал сард 70 сая тун байгаа. Гуравдугаар сарын сүүлээр 100 сая тун болно. Үйлдвэрлэлийн процессыг сайжруулсны үр дүнд оны сүүлээр үүнээс ч илүүг гаргадаг болно” гэж Пунавалла ярьжээ.
Пунаваллагийн гэр бүлийн эзэмшдэг SII компани нь 1966 онд анх байгуулагдаж байсан юм. Тухайн үед Мумбай дахь Энэтхэгийн засгийн газрын харьяаны Хаффкин хүрээлэн малыг могойн хазалтаас болон татрангаас хамгаалах вакциныг үйлдвэрлэдэг байжээ. Ингэхдээ тэд адуу, луусны цусанд эсрэг биет үүсгэх замаар ийлдэс гаргаж авдаг байсан аж.
Пунаваллагийн аав Хаффкин хүрээлэнд адуу нийлүүлдэг байснаа сүүлд өөрөө вакцин үйдвэрлэж эхэлснээр Serum Institute of India компани үүссэн түүхтэй юм байна. Пунаваллагийн аав Сайрус Пунавалла нь одоо $11.5 тэрбумын хөрөнгөтэй, Энэтхэгийн хамгийн баян хүмүүсийн нэгт тооцогддог байна.
Эх сурвалж: The Guardian