Эдийн засаг
Ирэх сард ТЭЗҮ бэлэн болох нь тодорхой, ХАРИН ХЭРЭГЖИХ НЬ..
ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ энэ оны эхний улиралд буюу гуравдугаар сард багтаан бэлэн болгоно гэж “Газпром”-ын захирал Алексей Миллер мэдэгдсэн.
Тэгвэл ТЭЗҮ-ийг бэлэн болгох ажлыг эрчимжүүлэхээр талууд тохирлоо гэсэн мэдээллийг Шадар сайд С.Амарсайхан өгч байна. Талууд өчигдөр /2021.02.15/ цахимаар хуралдаж, хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийн асуудлаар хэлэлцжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийн талаар “Газпром”-ын удирдлагаас ойр ойр мэдээлэл сонсож буй. Түүнчлэн ирэх гуравдугаар сард багтан ТЭЗҮ бэлэн болсноор дараа дараагийн алхмууд хийгдэх болов уу гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.
Гэхдээ хийн хоолойн тухай энэ сэдэв гурван арваныг дамнан яригдаж өнөөдрийг хүрсэн, 20 жилийн өмнө ч ТЭЗҮ хийгдэж байсан учраас дахиад ч олон жилийн хугацаа шаардахгүй гэхийн баталгаа байхгүй юм.
Сануулахад, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах үүрэг бүхий ОХУ-ын “Газпром” НХН-ийн харьяа, тусгай зориулалтын “Газопровод союз восток” компанийг манай улсын Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, үйл ажиллагаа нь эхлээд явж буй.
“Газопровод союз восток” компанийг өмнө нь “Газпром Трансгаз Томск” компанийн дэд захирлаар ажиллаж байсан Е.Н.Асеев удирдаж байгаа юм.
“Газопровод союз восток” компани Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт 2021 оны нэгдүгээр сарын 19-нд албан ёсоор бүртгүүлэхдээ нэг хувьцаа эзэмшигчтэй, ашгийн төлөө байгууллага, үйл ажиллагааны чиглэлээ Инженерийн судалгаа, шинжилгээний ажил, Дамжуулах хоолойн тээвэр гэж мэдүүлсэн.
“Сибирийн хүч-2” хийн хоолой Монгол Улсын газар нутаг дээгүүр 1000 орчим км үргэлжлэх бөгөөд барилгын үед 3700 орчим хүн ажиллаж, ашиглалтын явцад 1300 гаруй хүн байнгын, 5000 гаруй хүн дам ажлын байртай болж, жилд 1 тэрбум ам.доллар олох боломжийг бий болгоно” гэсэн мэдээллийг “Эрдэнэс Монгол” компаниас өгч буй юм.