Covid-19
Перу улс эрх мэдлээ ашиглан түрүүлж вакцин хийлгэсэн төрийн өндөр албан тушаалтнуудаа шалгаж эхэлжээ
Өмнөд Америк тивийн Перу улс долоо хоногийн өмнө хүн амаа дархлаажуулах ажлыг Хятадын Sinopharm компанийн вакцинаар эхлүүлсэн юм.
Эхний ээлжинд эмнэлгийн ажилтнуудаа хамруулахаар төлөвлөсөн байна. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт тус улсын ерөнхийлөгч асан Мартин Визкарра сар орчмын өмнө түрүүлж вакцин хийлгэсэн нь ил болсноор төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой дуулиан дэгджээ.
Энэхүү дуулиан дэгдсэнээс хойш тус улсын хэд хэдэн өндөр албан тушаалтан огцроод байна. Хамгийн сүүлд Ням гарагт Перугийн гадаад хэргийн сайд Элизабет Астете нэгдүгээр сарын 22-ны өдөр вакцин хийлгэснээ хүлээн зөвшөөрөөд албан тушааласаа огцрох шийдвэр гаргажээ.
“Ийм ёс зүйгүй үйлдэл хийсэн хэн ч миний засгийн газарт байх ёсгүй” гэж Перу улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Франциско Сагасти өнгөрсөн Ням гарагт хэвлэлд ярихдаа мэдэгдсэн байна.
Нийтдээ 15-20 өндөр албан тушаалтан түрүүлж вакцин хийлгэсэн байж болзошгүйг урьдчилсан байдлаар тогтоосноо Перу улсын эрүүл мэндийн сайд Оскар Угарте өчигдөр мэдээлжээ.
Дуулианы мөрөөр албан тушаалтнуудыг шалгаж эхэлснээ Перугийн ерөнхий прокурор Зорайда Авалос мөн мэдэгдсэн байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард авлигын хэргээр огцорсон экс ерөнхийлөгч Визкарра “арын хаалгаар” вакцин хийлгээгүй, туршилтанд оролцсон гэж тайлбарлажээ.
Гэвч туршилтыг зохион байгуулсан Кайетано Эрэлда их сургуулийн захиргаа экс ерөнхийлөгчийг туршилтанд оролцоогүйг баталсан байна.
Перу улс нь Sinopharm компанийн вакциныг 2020 оны есөөс арванхоёрдугаар сарын хооронд 12,000 сайн дурынхан дээр туршсаны дараа дархлаажуулалтад хэрэглэх зөвшөөрөл олгосон юм.
Туршилтаас гадна судалгаанд ашиглах зорилгоор нэмэлт 3,200 тун вакциныг Кайетано Эрэлда их сургууль Sinopharm компаниас хүлээж авсан юм байна. Судалгаанд зориулагдсан эдгээр тунгуудын зарим хэсэг төрийн өндөр албан тушаалтнуудын дархлаажуулалтад ашиглагдсан бололтой.
Перугийн нийслэл Лима хот дахь Хятад улсын элчин сайдын яам нэмэлт вакциныг ямар зориулалтаар ашигласан талаар мэдээлэлгүй байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: Reuterts