Нийгэм

О.Дашпагма: COVID-19-ийн эсрэг вакциныг 3-4 долоо хоногийн зайтаа хоёр удаа хийж дархлаа бүрэн тогтоно

Нийтэлсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д ажиллаж, вакцинжуулалтын бэлтгэл ажилтай танилцаж байгаа.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө. Тэрээр “Улс орнуудад COVID-19-ийн эсрэг вакцин ихэнхдээ хоёр тун хийгдэж байна. Хоёр удаа вакцин хийлгэж байж дархлаа бүрэн тогтоно. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хийх товлол гарч байгаа.

Уламжлалт вакцинууд ч мөн 2-3 удаагийн тунг хугацаанд нь хийлгэж байж дархлаа бүрэн тогтдог” гэлээ. Мөн тэрээр “Богино хугацаанд, шинээр бүтээж байгаа тул бусад вакцин шиг тав, 10 жил эсвэл насан туршид дархлаа тогтооно гэж хэлэх боломжгүй. Ихэнх судалгааны материалд бичснээр зургаа ба түүнээс дээш сар дархлаа тогтооно, гэхдээ судлагдаж байгаа тул энэ хугацаа уртсах магадлалтай гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, COVID-19-ийн эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа ба түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байна. Вакцины онцлогуудаас дурдвал нэгдүгээрт, хувь хүний дархлаатай ихээхэн холбоотой. Хоёрдугаарт, вакциныг заасан хугацаанд хийлгэх нь дархлаа тогтоох чанар их нөлөөлнө. Гуравдугаарт, хадгалалт, тээвэрлэлт горимын дагуу зөв явагдсанаар тухайн хүнд дархлаа тогтоох боломжтой” гэсэн юм.

Exit mobile version