Улс төр

Л.Энх-Амгалан: Хоцрогдлыг арилгахын тулд шаардлагатай бол зун давтлага хичээл оруулна

Нийтэлсэн

Өчигдөр буюу 16-ны өдөр Clubhouse аппликэйшнд ДеФакто Д.Жаргалсайхан “Ковид 19 ба боловсролын салбарын сорилт” хэлэлцүүлгийг Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай хийсэн юм. Мянга гаруй хүн цугласан энэ өрөөнд боловсролын салбарын реформын талаарх халуухан хэлэлцүүлэг боллоо.

ТВИТТЕРТ ЭХЭЛЖ, КЛАБХАУСТ ҮРГЭЛЖИЛСЭН САЙДЫН МЭДЭГДЭЛ

Хэлэлцүүлгийн үеэр олны анхаарлыг татсан нэг сэдэв байсан нь “Хувийн өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардал олгохыг зогсоох” сайдын шийдвэр байсан юм. Гэвч энэ талаар сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ:

-Монголын төр өөрөө боловсролын тэгш бус байдлыг санхүүжүүлдэг болчихсон юм байна. Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль нь дотроо гурван салбарт хуваагдаж байна. Нэгдүгээрт, Кембриджийн хөтөлбөрт сургууль. Энд нэг хүүхдэд 3 сая төгрөгийн хувьсах зардлын санхүүжилт тооцдог. Хоёрдугаарт, лаборатори сургууль. Энд нэг хүүхдэд 1,5-1,8 сая төгрөгийг хувьсах зардалтай. Гэтэл ерөнхий боловсролын сургууль буюу ихэнх хүүхэд сурч байгаа хэсэгтээ нэг хүүхдэд 800-900 мянган төгрөгийн хувьсах зардлыг тооцож байгаа нь төр өөрөө санхүүжилтээрээ дамжуулж боловсролын тэгш бус байдлыг бий болгосныг харуулна. Энэ алдаа завхралыг засаж, залруулах бодлогоор ажиллана гэлээ.

Тэрээр энэ асуудлыг засаж залруулахын тулд хувийн сургуулиудын захирлуудтай хэлэлцээрт орно гэдгээ илэрхийлсэн юм. Боловсролын сайдын мэдэгдэл нь твиттерт эхэлж, клабхаус гэх аппликэйшн дотор үргэлжилсэн буюу албан ёсоор огт яригдахгүй байгаа нь талуудын оролцоог бүрэн хангахад учир дутагдалтай байгаа юм. Энэ талаар “Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбоо”-ноос мэдэгдэл гаргахдаа “10 сая төгрөгөөс дээш төлбөртэй холбооны гишүүн сургуулиуд таны саналыг дэмжиж, албан ёсны шийдвэр болсон цагаас нь эхлэн хууль тогтоомжийн дагуу төрөөс олгож буй хувьсах зардлыг авахаас татгалзан хэрэгжүүлэхэд бэлэн” хэмээн дурьдсан юм.

Л.Энх-Амгалан сайдын ярьж буйгаар цаашдаа хувийн хэвшилд байгаа сайн туршлагуудыг төрийн өмчит сургуулиудад мэдлэг шингээх, солилцох чиглэл рүү эсвэл өндөр төлбөртэйгээр хүүхэд сургаж байгаа сургуулиуд руу сайн сурлагатай боловч орлого багатай хүүхдүүдийг тодорхой квоттойгоор сургахаар бодож боловсруулж байгаа ажээ.

Хувийн сургуулиудын хувьд санхүүжилтээ зөв зүйтэй зарцуулдаг буюу багш нарын цалин хангамж нь улсын сургуулийнхаас илүү. Тэр хэрээрээ сурагчдад олгож буй боловсролын чанар сайн. Гэтэл Монгол Улсын боловсролын салбарын жилийн төсөв нь 1,7 их наяд төгрөг атлаа үүний дийлэнх нь цахилгаан дулаан, барилга байгууламж зэрэг урсгал зардалд зарцуулагддаг ажээ. Тиймээс үүнийг өөрчлөхийн тулд боловсролын реформ зайлшгүй шаардлагатай гэсэн юм.

ХӨТӨЛБӨР ШИНЭЧИЛНЭ ГЭЖ АМЛАХГҮЙ

Боловсролын салбарт сүүлийн таван жилд 6 сайд солигдож байна. Мөн 20 хүрэхгүй жилийн хугацаанд дөрвөн том хөтөлбөр хэрэгжжээ. Яг л туршилт хийгээд байгаа мэт энэ байдлыг Л.Энх-Амгалан сайд шүүмжлэв. Тэрээр “Олон улсын жишгээр хөтөлбөр бол 10 жилийн настай байх ёстой. Харамсалтай нь манай улсад ингэж чадахгүй байна. Би хөтөлбөр шинэчилнэ гэж амлахгүй. Гэхдээ боловсролын салбарт үүссэн санхүүжилтийн шударга бус, үр дүнгүй, төлөвлөлтгүй, оновчтой тогтолцоог шинэчилж, байгаа мөнгөндөө тохирсон багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ гүйцэтгэлд суурилсан үнэлгээний тогтолцоо, сурах бичиг, багш бэлтгэх тогтолцоо гэх мэтээр асуудалд цогцоор нь хандахыг хүсэж байна” гэсэн юм. Боловсролын реформ зайлшгүй хийх шаардлагатай болжээ гэдгийг олон жил ярьж байгаа. Боловсролын багц хуулийн төслийг ч цөөнгүй жил ярьж байна. Харин Л.Энх-Амгалан сайд энэхүү багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт буцааж, илүү олон талтай хэлэлцүүлгийг дахин өрнүүлэхээр төлөвлөжээ. Тэрээр:

“Энэ бол 2024 оноос эхэлж хэрэгжих реформын бэлтгэл ажил хийгдэж байна гэсэн үг. Энэ реформ 10 жилийн хугацаатай хэрэгжиж 2034 он гэхэд шинэ зуунд монгол хүн зөв төлөвшилтэй, IQ EQ өндөртэй зөв монгол хүнийг бий болгох боловсролын тогтолцооны эхлэлийг тавьж байна гэж ойлгож болно” гэсэн юм.

Боловсролын реформ, багц хуулийн төслүүд дээр Дефакто Д.Жаргалсайхан гуайтай цуврал хэлэлцүүлгүүд хийхээр ч төлөвлөжээ. Тиймээс Дефакто Д.Жаргалсайханы хуудсанд ЭНД ДАРЖ нэвтрэн, төлөвлөсөн хэлэлцүүлгүүд нийтлэгдэх үед сонирхох боломжтой юм.

Боловсролын салбарын үнэлгээ дэлхийн хаахна явааг хэлэхэд бэрхтэй. Бид өөрсдийгөө “мундаг сайн” хэмээн үнэлдэг ч үүнийг хөндлөнгийн нүдээр дүгнэсэн нь алга. Харин дэлхий дээр PISA гэх шалгалт, судалгаа байдаг. Энэ нь ерөнхий боловсрол буюу албан боловсролын төгсөлтийн үед авдаг бөгөөд хүүхдүүдийн 15 нас хүртэл олж авсан мэдлэг, чадвар нь орчин үеийн нийгмийн амьдралын оролцоонд ямар ач холбогдолтой болох талаарх судалгаа юм. Тэгвэл манай улс энэ шалгалтад хүүхдүүдийг 2022 онд хамруулах бэлтгэл ажлыг хийж байгаа ажээ. Бэлтгэл ажлын хүрээнд үндэсний хэмжээний үнэлгээг бий болгох боломжийг ч судалж байна. Харин сайдын хувьд PISA-аас сайн үнэлгээ хүлээхгүй байгаа гэдгээ ний нуугүй илэрхийлсэн юм.

ГУРАВДУГААР САРЫН 1-НД ЗАРИМ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ЗАСГИЙН ГАЗАРТ САНАЛ ОРУУЛНА

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

-Хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл бол боловсролын салбарт үүссэн бодитой хоцрогдлын асуудал. Тийм учир гуравдугаар сарын 1-нд зарим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр улстөрийн эр зориг гаргаж Засгийн газарт маргааш санал оруулах гэж байна. Хөдөө орон нутаг, гэр хороололд хоцрогдол маш их байгаа. Тийм учир ковидын голомт багатай газруудыг хэсэгчилж, хоцрогдлыг арилгахад түлхүү анхаарах бодолтой байна. Мөн 1, 5, 9, 12-р ангийн хүүхдүүдийн хоцрогдолд анхаарлаа хандуулж, бүх нөөц бололцоогоо хандуулж ажиллана. Бага ангийн хүүхдүүдэд математик, монгол хэл, дунд ангийн хүүхдүүдэд математик, монгол хэл, байгалийн ухаан, ахлах ангийн хүүхдүүдийн дунд математик, монгол хэл, сонгох хичээл гэсэн хоцрогдолтой байгаа учир танхимаар хичээллэх зайлшгүй шаардлага байна. Хэрвээ хоцрогдлоо нөхөж чадахгүй байвал зуны улиралд ковид гайгүй байвал танхимаар давтлага хичээл зохион байгуулах судалгаа, тооцоо хийж байна гэлээ.

Exit mobile version