Улс төр

Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөлөө

Нийтэлсэн

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилсон тогтоол гаргасан билээ.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулжээ.

Шинээр томилогдсон гишүүд:

  • Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж,
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г. Байгалмаа,
  • УУХҮ-ийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд,
  • Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн,
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг томилсон юм.

Эдгээр гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, ёслолыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдав.

Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангарагийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ёслолын ажиллагаанд Сонгууийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар байлцлаа.

Ёслолын дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ, Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан Үндсэн хуулийн байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо. 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны байгууллага юм. Үндсэн хуульд зааснаар төрийн эрхийг ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулж хэрэгжүүлдэг учир тэрхүү төлөөллийг хэн нэгнээс хараат бусаар, хуулийн дагуу, шударгаар сонгох ажлыг зохион байгуулах чухал байгууллагын гишүүдийг тангараг өргүүлдэг хэмээв.

Exit mobile version