Дэлхий

АНУ-ын ихэнх нутагт ер бусын хүйтэн болсноос 21 хүн нас баржээ

Нийтэлсэн

АНУ-ын төв ба өмнөд мужуудыг ер бусын хүйтэн агаарын урсгал нөмөрснөөс олон сая хүн гэрэл цахилгаангүй болж, 21 хүн нас баржээ.

Хамгийн их хохирол амссан Техас мужид дөрвөн сая гаруй айл өрх, байгууллага Мягмар гарагийг цахилгаангүй өнгөрөөсөн байна.

Хэд хэдэн мужид нийт 21 хүн цасан шуурганд осгож, дулаацахын тулд гэртээ гал түлж байгаад түймэр тавьж, угаартаж, мөстсөн зам дээр автын осол гаргаснаас болж амиа алджээ.

Чикаго хотод унасан цасны зузаан 46 см хүрснээс өчигдөр сургуулиуд хаагдсан байна.

Канадаас Мексик хүртэл үргэлжилсэн хүйтрэлт Баасан гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллага мэдээлжээ. Дулаан уур амьсгалтай Техас мужийн иргэдийн орон сууцнууд дулаалгагүй байдгаас 24 цаг цахилгаангүй байсны дараа дотоод температур нь Цельсийн 1.6 хэмд хүрсэн байна. Осгохгүйн тулд хүмүүс автомашиндаа хоносон тухай эх сурвалжууд мэдээлжээ.

АНУ-ын хэд хэдэн хотын агаарын температур түүхэн доод хэмжээндээ хүрч хүйтэрснийг мэдээлсэн байна. Тухайлбал Миннесота мужийн Чисхолмд Цельсийн -39 хэм, Өмнөд Дакотагийн Сиу Фоллсд -32 хэм хүрчээ. Мягмар гарагийн үд дундын байдлаар АНУ даяар 2,700 гаруй нислэг цуцлагджээ.

Уолмартын их дэлгүүрийн сүлжээ нийт 500 гаруй дэлгүүрээ түр хугацаагаар хаахад хүрсэн байна.

Цаг уурын нөхцөл байдлын улмаас АНУ-ын хүн амыг вакцинжуулах үйл ажиллагаа саатах нь тодорхой болжээ. Коронавирусийн эсрэг вакцины түгээлт, тээвэрлэлт хойшлох магадлалтай байгааг Жо Байдены засаг захиргаанаас өчигдөр мэдээлсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version