Нийгэм

АШУҮИС-ийн эрдэмтэд шүлснээс шинжилгээ авч ковид-19-ийг илрүүлэх оношлуур бүтээж байна

Нийтэлсэн

Анагаахын Шинжлэх Ухааны үндэсний их сургуулийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ. Тус төслийн багийн төлөөллийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авч уулзлаа.

Шүлснээс шинжилгээ авч Ковид-19 вирусийг илрүүлэх оношлуурын төслийн ажлыг АШУҮИС-ийн эрдэмтэд 2020 оны арванхоёрдугаар сард эхлүүлж 2021 оны гуравдугаар сард дуусгахаар ажиллаж байна.

Төслийн удирдагчаар Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар нар ахлан АШУҮИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх ажил үр дүн өндөртэй өрнөж байна гэдгийг эрдэмтдийн төлөөлөл болох АУ-ны доктор, профессор Г.Болдбаатар танилцуулав.

SARS-Cov-2-ийг оношлуураар илрүүлэх уг төсөл нь PНХ-ийг шүлсэнд илрүүлэх бодит хугацааны ПГУ-ын технологийг боловсруулж оношлуур бүтээх юм байна. Уг оношлуурыг төслийн хугацаанд бүтээж, үндэсний хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэхээр эрдэмтэд ажиллаж байгаа гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзахдаа танилцуулсан юм.

Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх ажил үр дүн өндөртэй өрнөж байна гэдгийг эрдэмтдийн төлөөлөл болох АУ-ны доктор, профессор Г.Болдбаатар танилцуулав.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс АШУҮИС-ийн эрдэмтдийн хийж буй аливаа шинжлэх ухааны бүтээлийг яам бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг илэрхийллээ. Уг төслийн багийг яамны зүгээс бүх талаар дэмжиж, шаардлагатай туслалцааг үзүүлнэ гэдгээ уулзалтын үед илэрхийлсэн юм.

Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх уг төсөл амжилттай хэрэгжсэн нөхцөлд ковид-19 вирусийн шинжилгээг авч буй арга хэлбэрийг өөрчилж шүлснээс илрүүлэх боломж нээгдэх юм.

Эх сурвалж: ЭМЯ

Exit mobile version