Нийгэм

ГХЯ:Олон улсад хүлээн зөвшөөрсөн вакцины пасспортыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

Нийтэлсэн

Б.ДОЛЖИН

Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн тусгаарлалтын хугацааг бууруулсантай холбоотойгоор ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс  зарим зүйлийг тодрууллаа.

-Тусгаарлах хоногийн тоог цөөрүүлж байгаа шийдвэр хэзээнээс хэрэгжих вэ?

-Тусгаарлах хугацааг 10 хоног болгох шийдвэр маргаашаас хэрэгжиж эхэлнэ. Энэ сарын 19,24,26-нд тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана.

Тусгай үүргийн нислэгээр өөр орон руу явж байгаа иргэд шинжилгээ өгсөн байх ёстой юу?

-Гадаад явах иргэд вакцинд хамрагдах эсэх нь нөгөө улсын зүгээс тавьж байгаа шаардлагатай шууд холбоотой байдаг.  Бид энэ мэдээллийг гадаад улсуудад суугаа ЭСЯ-уудаар дамжуулж аваад, гадаад явах боломжтой иргэддээ мэдээллийг хүргэж байгаа. Үүнтэй холбоотойгоор тусгай үүргийн нислэгээр гадаад явах иргэдийг ХӨСҮТ-д шинжилгээ өгүүлэх ажилд дэмжлэг үзүүлж ажилласаар ирсэн. Цаашдаа ч үргэлжлүүлэн ажиллана.  Дийлэнх улс оронд вакцинд хамрагдах ажил анхан шатандаа явж байгаа. Тийм учраас улс орнуудын хувьд хилээрээ вакцинтай иргэдийг хэрхэн нэвтрүүлэх, ирснийх нь дараа тусгаарлах уу гээд нөхцөлөө ярилцаж, вакцины пасспортын асуудлыг ярьж байгаа. Тиймээс ГХЯ олон улсад хүлээн зөвшөөрсөн вакцины пасспортыг нэвтрүүлж, иргэдийг зорчих нөхцөлийг хангах асуудлаар ажиллаж байна.  Энэ ажил дэлхий дахинд шинэ учраас нэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн журам гараагүй байгаа. Манай улсын хувьд гадаад улсаас бүрэн тун авсан буюу хоёр удаагийн вакцин хийлгэсэн хүнийг 14 хоног нь өнгөрөөд дархлаа тогтсоны дараа Монгол Улсад нэвтрүүлж, нэвтрүүлснийхээ дараа долоо хоног гэрт нь ажиглах журмын төсөл явж байгаа.

-Өөр оронд гацсан иргэдийг тухайн улс нь вакцинжуулах уу?

-Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийг вакцинд хамруулах асуудал нь тухайн улсын Засгийн газраас гаргасан төлөвлөгөөний дагуу явж байгаа. Улс орон бүрт төлөвлөлт нь харилцан адилгүй байна.Ихэнх орны хувьд энэ оны IV улирал гэхэд тухайн улсын иргэд болон оршиж сууж буй нийт хүн амыг вакцинд хамруулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.

 

-Гадаадад байгаа манай улсын иргэдээс хэдэн хүн халдвар авсан бэ?. Нас барсан тохиолдол бий юу?

-Гадаад улсад байгаа иргэд ЭСЯ-аар дамжуулан халдвар авснаа мэдэгдсэн тохиолдол 50 хүрэхгүй байгаа. Энэ нь өнгөрсөн жил гаруйн хугацаан дахь тоо. Иргэд энэ мэдээллээ төдийлөн ЭСЯ-нд өгдөггүй. ЭСЯ-аар дамжуулан мэдэгдсэн хүмүүсийн дунд гадаад улсуудад байгаа ЭСЯ-уудад ажилладаг 33 хүн бий.Өнөөдрийн байдлаар COVID-19 оношоор нас барсан гэсэн албан ёсны мэдээлэл байхгүй. Өнгөрсөн оны хоёрдугаар сард БНСУ-д халдвартай нэг иргэн нас барсан. Гэхдээ нас барсан шалтгаан онош нь өөр хүнд өвчин байсан.

Эх сурвалж:www.polit.mn

Exit mobile version