Covid-19
Австрали улсад эхэлсэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад ерөнхий сайд нь түрүүлж хамрагдлаа
Ням гарагт Австрали улс хүн амаа коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлжээ.
Өчигдөр өглөө тус улсын ерөнхий сайд Скотт Моррисон вакцины эхний тунгаа телевизийн камерны өмнө хийлгэж, вакцин хүний биед аюулгүй болохыг ард иргэддээ батлан харуулсан байна.
Ерөнхий сайдтай хамт эмнэлгийн ажилтнууд, асрамжийн газрын ахмадуудын төлөөлөл болсон цөөн хүмүүс эхний ээлжийн вакцинжуулалтад хамрагджээ. Бүх нийтийн вакцинжуулалт Австралид өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.
Эхний нэг долоо хоногийн хугацаанд 60,000 тун вакциныг хүн амын дархлаажуулалтад зарцуулах төлөвлөгөө гаргажээ.
Вакцин эсэргүүцэгч цөөн тооны хүмүүсийн жагсаал Бямба гарагт Сидней, Мельбурн, Брисбань хотуудад болж өнгөрсөн байна.
Австрали улсын вакцинжуулалтын хөтөлбөрийн салхийг хагалсан анхны хүн нь 85 настай Жэйн Мэлисяк болжээ. Тус улс Pfizer вакцинаар хөтөлбөрөө эхлүүлж байна.
Ирэх сард AstraZeneca компанийн вакцины эхний багц ирснээр дархлаажуулалтад ашиглаж эхлэх юм.
Австрали улсад цар тахал эхэлсэн цагаас хойш коронавирусийн халдварын 28,920 тохиолдол бүртгэгдэж, 909 хүн нас бараад байна.
Эх сурвалж: BBC