Улаанбаатар

С.Амарсайхан: Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгыг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахад анхаарч ажиллана

Нийтэлсэн

Хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Яармагт байрлах дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь ажиллав. Учир нь төсөв хөрөнгөний улмаас дэлхий нийтийн жишигт нийцсэн энэхүү нэгдсэн эмнэлэг ашиглалтад орох хугацаа удаашрах эрсдэлтэй байна. Анх Үндэсний хөгжлийн газарт концессын тендер зарласнаар 2017 оны долоодугаар сард “Томо Бюлдинг” ХХК-тай 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийн гэрээ хийсэн байна. Тус компани өөрсдийн хөрөнгөөр барьж дуусгаад 2020 онд улсын төсвөөс санхүүжилтээ авах байж. Гэвч үйл ажиллагаа явуулж байх хугацаанд захиалагч тал болох Эрүүл мэндийн яам нэмэлт ажил хийх хэрэгтэй гэж үзсэн ч шаардлагатай нэмэлт зардлын асуудлыг шийдээгүй байгаа учраас “Томо Бюлдинг” ХХК нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд оржээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа зарим ажил удааширч байна. Жишээлбэл, Дөрөвдүгээр төрөх эмнэлэг юм. Гэрээний дагуу 2018 оны 4 дүгээр сард ашиглалтад орж чадаагүй,  дараа нь 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад орох байсан ч ороогүй хоёр удаа хойшилж байна. Энэ нь төсөвтэй холбоотой. Энэ асуудлыг Ерөнхий сайдад өөрийн биеэр танилцуулна. Эрүүл  мэндийн сайдтай хамтарч асуудлыг Засгийн газарт оруулна гэж бодож байна. Төсвийн мөнгө болдоггүй юм бол өөр ямар эх үүсвэр байж болох вэ гэдгийг хайна. Ямар ч байсан  энэ оны эхний нэг хоёр улиралд багтаан дөрөвдүгээр төрөх  эмнэлгийг ашиглалтад оруулна гэж бодож байна” гэлээ. Ийнхүү хотын Захирагч үүсээд байгаа шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэх хүртэл анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү эмнэлгийг ашиглалтад оруулснаар төрөх эмнэлгүүдийн ачаалал тодорхой хувиар буурах чухал ач холбогдолтой. Тус эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд хүүхдийн 140 ортой, төрөхийн 160 ортой байх аж. Эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлчүүд олон улсын стандартад нийцсэн улсдаа тооцогдох эмнэлэгтэй болох юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Exit mobile version