Энтертайнмент

Роналду Месси хоёрын хэн нь түрүүлж зодог тайлах вэ?

Нийтэлсэн

Хэн нь илүү вэ гэдэг асуулт тоглогчдын зодог тайлсны дараа л илүү тодорхой болдог тул тоглож байгаа, ижил гайхалтай байгаа дээр нь харьцуулах хэцүү. Хэрэггүй ч гэдэг.

Тэгвэл хэн нь түрүүлж зодог тайлах бол гэдэг сонирхолтой биш гэж үү?

Криштиану Роналду 1985 оны хоёрдугаар сарын 5-нд төрсөн одоо 36 настай. Харин Лионел Месси 1987 оны зургаадугаар сарын 24-нд төрсөн одоо 33 настай /Ирэх зун 34 хүрнэ/

Хэрэв нас хамгийн их хамаатай болоод зодог тайлдаг бол хэн ч гэсэн Роналду эхлээд гэнэ. Гэхдээ зодог тайлахад нас бол гурав дахь шалтгаан юм. Тоглогчдын бэлтгэл, биеэ эрүүл, хүчтэйгээр нь авч яваа байдал болон сэтгэлзүй нь насны тооноос илүү чухал.

Нас бол зүгээр л тоо. Энэ үгийг батлахад 39 настай Италийн дээд лигийн АС Милан клубд тоглож буй Златан Ибрахимович, өдгөө 53 настай Японы мэргэжлийн лигийн Ёокохама клубд тоглож буй Казүёши Миүра, Италийн Ювентус клубд тоглож буй 43 настай Жианлуйжи Буффон нарыг дурдахад хангалттай биз.

Зургийн доод хэсэгт Буффон, дээд талын баруунаас Миүра, Ибрахимович

Ибрахиович болон Миура нар хоёул төвийн довтолгооны байрлалд /centre-forward/ тоглодог. Энэ байрлал бол тоглогч нас ахиж, хурд нь удааширсан ч үргэлжлүүлэн тоглосоор байх өндөр боломжтой хоёр байрлалын нэг юм. Нөгөө нь мэдээж хаалгач.

Роналдугийн хувьд сүүлийн жилүүдэд төвийн довтлогчийн байрлалд ихэвчлэн тоглож буй. Хурд нь удааширсан ч өндөр нуруутай /187 см/ түүний хувьд энэ байрлалаас хангалттай олон гоолыг оруулж удаан тоглох боломжтой. Довтолгоог эхлүүлдэг гэхээсээ илүү дуусгадаг учраас энэ байрлалд тоглосноор гоолын тоо багасахаас айлтгүй. Магадгүй түүнд идэвхтэй тоглох дахин 5 жил бий.

Харин Мессигийн хувьд мөн хурд удааширсан ч түүнд төвийн довтлогчоор тоглох өндөр нуруу /170 см/ үгүй. Тиймээс “хуурамч 9 дугаар” буюу Deep lying forward байрлалд тоглож эхэлсэн. Тэрээр энэ байрлалд довтолгоог төгсгөхийн сацуу эхлүүлэх үүргийг хүлээдэг. Төвийн хагас хамгаалалт руу орж бөмбөг эзэмшдэг тул ачаалал их авдаг ч түүнийгээ хамгаалалтад бага туслах замаар нөхдөг.

Сүүлийн гурваас таван жилийг харвал Месси, Роналду нарын бөмбөг эзэмших тоо харьцангуй өөрчлөгдсөн. Роналду зүүнээс төвийн байрлалд шилжиж бөмбөгөнд хүрэх нь илт багассан бол Месси баруунаас төвийн байрлалд шилжсэн ч бөмбөг эзэмшсэн хэвээр байна

Энэ нь Мессиг түрүүлж зодог тайлж магадгүй гэх таамаглалд хүргэх ч Роналдугаас хоёр насаар дүү гэдэг нь уг таамаглалыг үгүйсгэх боломжтой. Түүнчлэн сэтгэлзүйн хувьд олон жилийн турш өрсөлдөж, нэгнийгээ хурцалж ирсэн тоглогчид нөгөөгөөсөө түрүүлж зодог тайлахыг хүсэхгүй нь лавтай.

Хоёр өөр тоглолтын хэв маяг, өөр замналаар дэлхийн шилдэг болсон тэд бэртэл гэмтлээс хол байж чадвал доод тал нь дахин таван жилийн хугацаанд үзэгчдийг баясгах бүрэн боломжтой. Харин хэн нь түрүүлж зодог тайлахыг энэ зуны Мессигийн шилжилт, Роналдугийн Ювентус дэх амжилтууд харуулах биз.

Exit mobile version