CRI Монгол радио

Их Британид коронавирусийн эсрэг вакцинжуулалтын дараа өвчний хүндрэл эрс буурсныг эхний судалгаа харууллаа

Нийтэлсэн

Их Британид хэрэгжиж байгаа коронавирусийн эсрэг вакцинжуулалтын аяны үр дүнгийн талаар эхний судалгааны тайлан Даваа гарагт нийтлэгджээ.

Судалгааг Шотландын бараг бүх хүн ам буюу 5.4 сая хүний арванхоёрдугаар сарын 8-наас хоёрдугаар сарын 15 хүртлэх эрүүл мэндийн мэдээллийг үндэслэн гүйцэтгэсэн байна.

Эдгээрээс 1.1 сая гаруй нь Pfizer/BioNTech, AstraZeneca/Oxford-ийн хоёр вакцины аль нэгийг нэг тунгаар хийлгэсэн хүмүүс байжээ.

Тэдгээрийг вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад нэг тун вакцин хийлгэснээс хойш дөрвөн долоо хоногийн дараа өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх эрсдэл дунджаар 84 хувиар буурсан байжээ.

Их Британи улс аль болох олон хүнийг дархлаажуулахын тулд нэг хүнд хоёр тун вакцин хийхийн оронд нэг тун вакцин хийж байгаа юм.

Хоёр тун хийлгэсэн хүний тоо харьцангуй цөөхөн байгаа. Гэтэл аль аль вакцинаас ердөө нэг тун хийсний дараа ийм үр дүнтэй байжээ.

Задалж харуулбал Pfizer/BioNTech-ийн нэг тун вакцины дараа өвчин хүндэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл 85 хувиар, AstraZeneca/Oxford-ийн нэг тун вакцины дараа 94 хувиар буурсан байна.

Энэ хоёр үр дүнг нэгтгэхэд 84 хувь болжээ.

Эрдэмтэд вакцин хийлгэснээс хойш долоо хоног бүр дархлаажуулалтын түвшинг шалгахад дөрөв дэх долоо хоногийн дараа хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна.

Дархлаажуулалтын үр дүн 18-64 насныханд хамгийн өндөр байжээ. Хамгийн өндөр эрсдэлтэй насны бүлэг буюу 80-аас дээш насныханд эрсдэл 81 хувиар буурсан үр дүнтэй гарсан байна.

Их Британийн судалгаанаас өмнө Израйлийн эрдэмтэд мөн вакцины бодит амьдрал дээрх үр дүнгийн судалгааг хийснээ танилцуулж байв. Уг судалгаа Pfizer/BioNTech-ийн вакцинаас хоёр тунг хийсний дараа өвчний эрсдэл 94 хувиар буурсныг харуулсан юм.

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version