Нийгэм
Т.Амарзаяа: Зорчих эрхийг хязгаарлах ялыг 206 төрлийн гэмт хэрэгт оногдуулж болохоор хуульчилсан
Эрүүгийн хуульд заасан “Зорчих эрхийг хязгаарлах ял” энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Амарзаяатай ярилцлаа.
-Зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар төрлийн хэрэгт оноох талаар Эрүүгийн хуульд хэрхэн зохицуулсан байгаа вэ?
-Зорчих эрхийг хязгаарлах ял нь 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шинээр нэмэгдсэн ялын төрөл бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд Зорчих эрхийг хязгаарлах ялыг тодорхойлсон бөгөөд нийт 206 төрлийн гэмт хэрэгт оногдуулж болохоор хуульчилсан. Хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс нэг сараас таван жил хүртэл хугацаагаар өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг нь хориглож, зөвхөн шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэж тодорхойлсон. Мөн шүүхээс тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй харилцахыг нь хориглож болохоор хуульчилсан байна.
-Ялын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ?
-Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас техникийн болон биечлэн хяналт тавина. Биечилсэн хяналтыг шийдвэр гүйцэтгэгч өдөр, шөнийн аль ч цагт явуулж болох бол техникийн хяналт гэдэг нь суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг ялтны бие, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, шаардлагатай бусад газарт суурилуулж байнгын хянах юм. Харин прокурор тухайн ялтан шүүхээс оногдуулсан ялыг эдэлж байгаа эсэх, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан журмын дагуу хяналт тавьж байгаа эсэх, ялтны эрх зөрчигдөж байгаа эсэхийг хянана.
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ажил, сургуульд орох тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд прокурор ялтны ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх болон өөрчилж болохоор заасан. Ялтан эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, гэр бүлийн гишүүн хүндээр өвчилсөн, нас барсан, гамшиг аюулт үзэгдлийн улмаас шүүхээс тогтоосон байршилд байх боломжгүй болсон, ажилд орох, сургуульд элсэн суралцах шалгалтад шүүхээс тогтоосон байршлаас бусад газарт биечлэн оролцох тохиолдолд ялтны хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн прокурор 30 хүртэл хоногийн хугацаанд түр өөрчилж болно. Харин ялтан байнга оршин суух газраа өөрчлөх шаардлагатай болсон, өөр газарт шилжин суралцах, ажиллах болсон тохиолдолд хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн саналаар прокурор ял эдлүүлэх нөхцөл, журмыг өөрчилж болно.
-Зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Ялтан үүргээ биелүүлээгүй, тоног төхөөрөмжийг гэмтээсэн, хэвийн ажиллагааг сарниулсан, хяналтаас 24 цагаас илүүгүй хугацаагаар санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд зөрчлийн акт бичиж эхний удаа сануулна.Хэрэв зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргаж зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нь нэг хоногоор тооцож хорих ялаар солих саналыг прокуророос шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.
-Он гарснаас хойш энэ төрлийн ялаар шийтгүүлсэн тохиолдол гарсан уу?
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд энэ төрлийн ялаар шүүтгүүлсэн 16 хүн байгаа боловч шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирээгүй байгаатай холбоотойгоор ял эдлүүлэх ажиллагаа нь хэрэгжиж эхлээгүй.
-Манай улсын хувьд шинээр хэрэгжиж эхэлж байгаа ялын төрөл учраас хууль, тогтоомжийн хувьд боловсронгуй болгох, өөрчлөх асуудлууд байгаа байх. Прокурорын байгууллагаас энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Ерөнхий прокурор Прокурорын тухай хуульд заасан “Гэмт хэрэгтэй тэмцэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалтыг хэрэгжүүлэх заавар, журам хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж зөвшөөрөл олгох, хэрэгжилтэд хяналт тавих” бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхтэй холбоотой заавар, журам нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянаад буцаасан. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл олгоогүй байна. Мөн уг ялыг эдлүүлэх ажиллагаатай холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хэд хэдэн нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай байгаа талаар холбогдох саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.2.23 МЯГМАР № 35 (6512)