Ерөнхийлөгч

ХХБ 200 мянгыг амлаж байхад ерөнхийлөгч 20 мянгыг авчрахаар явна гэж баймааргүй юм

Нийтэлсэн

Ирэх сарын эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсад айлчлах сурагтай. Сурагтай ч юу байх вэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болчихсон зүйл. Ингэхдээ ОХУ-ын манайд хандивлах 20 мянган тун вакциныг авчрах юм гэнэ. Сангийн сайд Б.Жавхлан манай улсад гадаад орноос хандивлах вакцины талаар өөрийнхөө цахим хуудсанд нийтэлсэн байна лээ. Тэнд нь “ОХУ-аас Монгол Улсад 20 мянган тун буюу 10 мянган хүнийг дархлаажуулах вакцин” гэж дурдсан байдаг. Ерөнхийлөгчийн айлчлал хийх тухай мэдээ, Сангийн сайдын зарлалтай холбоотойгоор “Ерөнхийлөгч өөрийн биеэр 20 мянган вакциныг авчрахаар мордох гэж байна” гэсэн таамаглал хөвөрч эхэлсэн хэрэг. Ерөнхийлөгчийн айлчлалын тухайд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд л болж байгаа байлгүй дээ. Түүнээс биш бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхийлөгч 20 мянган тун вакциныг өөрийн биеэр авчрахаар явна гэдэг арай л жижиг санагдаад байгаа юм. Зах зээлийн ханшаараа төдий тооны вакцин чинь 60 мянган ам.доллар орчим болно гээд байгаа. Энэ бол Орос улс руу хийх нислэгийн түлшинд л гарчих өртөг биш юм уу.

Бас үүнтэй холбоотойгоор хөндөх зүйл ч байна. Тухайлбал, “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал О.Орхон сар шинийн мэндчилгээндээ өөрийн банкны харилцагч 200 мянган хүнд коронавирусний эсрэг вакцин оруулж ирж хамруулна гээд мэдэгдэж байлаа. “Монос” групп 300 мянган вакцин оруулж ирэх гэж байгаа тухай УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг цахим орчинд мэдээлж л байсан. Өчигдөр гэхэд Энэтхэгээс 150 мянга, Хятадаас 300 мянган вакцин орж ирж байна. Энэтхэгээс ирсэн “АстраЗенека” компанийн вакциныг ДЭМБ энэ сарын 15-ны өдөр бүртгэж авснаа албан ёсоор зарласан юм билээ. Засгийн газраас өгч байгаа мэдээллээр бол манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм, ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V болон бусад орнуудаас Флайзер, АстраЗенека хэмээх дөрвөн төрлийн вакциныг хадгалах дэд бүтцийг шийдвэрлэж, бэлтгэлээ хангажээ. Засгийн газар, Ерөнхийлөгчөөс эхлээд “Худалдаа хөгжлийн банк”, “Монос” ч вакцинтай хөөцөлдөх гэж байгаа бол энэ нэрнүүд дунд л өнхөрнө гэсэн үг.

Тэгэхээр нэг зүйл тун ойлгомжтой байна. Тэр бол гадаадын хандиваар ирсэн хийгээд хувийн хэвшлийн амалсан вакцинууд манайх шиг цөөхөн хүн амтай улсад бараг хангалттай юм. Нэгэнт л гаргаад авчихсан вакцин дэлхий дээр байгаа бол бид хийлгэх нь тэнгэрийн хишиг хүртэх гэж байгаа гэхээсээ цаг хугацааны асуудал. Ер нь манайд л улстөржүүлээд байгаа болохоос вакцин бол хамгийн хямдхан сэргийлэх арга хэмжээ шүү дээ. Одоо ч салхин цэцэг, улаанбурхан, сахуу, татран гээд өнөө цагт устаж үгүй болсон өвчнүүдийн эсрэг вакциныг бид хүүхдүүддээ хийлгэдэггүй бил үү. Үнэ өртгийн хувьд ч бадар бариад байхааргүй хямдхан зүйл. Нэг цэцэрлэг барих төсвөөр л манай цөөхөн хүнд вакцинжуулалт хийчихнэ. Вакцин хийлгэхгүй байхад яах ч үгүй гэж боддог эсвэл Орос вакцин хийлгэхгүй бол нүнжиггүй гэж итгэдэг хүмүүст Ерөнхийлөгчийн чуулганы танхимд дурдсан “бурхан өршөөг” гэдэг үгийг л хэлье. Орос, Хятад, Энэтхэг гээд хаанаас ч вакцин ирсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвшөөрсөн тэгээд л гүйцээ шүү дээ. Харин хэдэн вакцин өөрийн биеэр авчрахаар Ерөнхийлөгч явах гэж байгаа нь үнэн бол юу хэлэх вэ дээ. Хамгийн гол нь, вакцин тойрсон иймэрхүү дэл сул яриа сүүлдээ тоглоом биш болох нь. Мэдээлэл хомстой иргэдийг хийрхүүлж байгаа энэ хүч хар аяндаа бий болоогүй. Улс дотроо улс болж тоглуулж дундаас нь улс төрийн хожил хайдаг улстөрчдийн хар гай шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version