Улс төр

Т.Доржханд: Ерөнхийлөгч тайлбар хийх нэрийдлээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нөлөөлж байна

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд удаа дараа очиж, улмаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нөлөөлж байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ талаар тодруулбал?
-Ерөнхийлөгч өнөөдөр Үндсэн хуулийн цэц дээр очсон. Түүний өмнө Цагаан сарын өмнөхөн бас очиж уулзаж байсан. Яагаад энэ асуудлыг хөндөж байна гэхээр өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар иргэний хувиар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан. Үндсэн хуулийнхаа тайлбарыг Ерөнхийлөгчийн тухай хуулинд тодорхой тусгаж өгсөнгүй. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна. Ялангуяа зөвхөн нэг удаа зургаан жилээр Ерөнхийлөгчөөр ажиллана гэсэн заалт өмнө нь Ерөнхийлөгч хийж байсан болоод хийж байгаа хүмүүст хамаарахгүй.

Үндсэн хуулийн энэ үзэл санаагаа тодорхой тусгах нь зүйтэй гэсэн мэдээлэл гаргасан. Энэ бол одоогийн Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал. Тэгэхээр өөрийнх нь асуудал Үндсэн хууль дээр яригдаж байхад удаа дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй уулзаж, нөлөөлөх гэсэн оролдлого хийж байгаа нь буруу. Үндсэн хуулийн цэц гэдэг бол Үндсэн хуулийн шүүхийн байгууллага шүү дээ. Энэ бол ноцтой үйлдэл. Би ард түмнээс сонгогдсон төрийн түшээ хүний хувьд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргахад үүднээс нь буцдаг. Тэр байгууллагыг би хүндэтгэдэг. Гэтэл төрийн тэргүүн маань Үндсэн хуулийн цэцэд яагаад үл хүндэтгэлтэй хандаж байна вэ. Удаа дараа өөрийн биеэр очиж цэцийн гишүүдтэй уулзаж байгаа нь өнөөдрийн шийдвэрт нөлөөлөх үйлдэл байна. Энэ бол маш том зөрчлийн асуудал. Үндсэн хуульд хэн ч нөлөөлөх ёсгүй.

Тайлбар хийх нэрийдлээр нөлөөлөл үзүүлэх нь буруу. Энэ бол импичмент хийх буюу Ерөнхийлөгчид хариуцлага тооцох үндэслэл болно.

-Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийг хүлээн авахаас татгалзах эрхтэй юу?
-Байгаа шүү дээ. Эрх мэдэлтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, эрх барьж байгаа намын хэн ч очлоо гэхэд хүлээж авдаг байж болохгүй. Энэ бол зөрчил. Ерөнхийлөгч яг ямар асуудал ярилцсан талаарх протоколыг Үндсэн хуулийн цэц болон Ерөнхийлөгчийн тамгын газраас авна. Бас ямар нэгэн том дарга очиход түүнийг хүлээн авч байгаа Үндсэн хуулийн цэцийг бас буруутгамаар байна.

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхийлөгч өөрийн биеэр Үндсэн хуулийн цэцэд очиж тайлбар өгсөн гэдэг мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргалаа.
-Би бол иргэнийхээ хувьд мэдээллээ гаргасан. Түүнд тайлбар хийх нь Үндсэн хуулийн цэцийн бага, дунд, их шатны хуралдаанаар шийдэгдэнэ. Хуралдаан нь удахгүй товлогдсон байгаа. Гэтэл түүнээс өмнө очиж тайлбар хийх нэрийдлээр нөлөөлөл үзүүлэх нь буруу. Энэ бол импичмент хийх буюу Ерөнхийлөгчид хариуцлага тооцох үндэслэл болно.

Бас ямар нэгэн том дарга очиход түүнийг хүлээн авч байгаа Үндсэн хуулийн цэцийг бас буруутгамаар байна.

-Ерөнхийлөгчид хариуцлага тооцох буюу импичмент хийх асуудлыг та нэг биш удаа хөндөж байна. У.Хүрэлсүх сайд огцрох мэдэгдлээ хийж байх чуулганы хуралдаанаар бас энэ асуудлыг хэлж байсан. Ерөнхийлөгчид хариуцлага тооцох нөхцөл байдал үүссэн үү?
-Монгол Улсын Ерөнхий сайд ажлаа өгөхдөө маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тэр хүн бол Монгол Улсын жирийн иргэн биш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд, эрх баригч намын дарга хүн шүү дээ. Ерөнхийлөгч хууль зөрчсөн маш олон үйлдлийг хийсэн, ажлаа өгсний дараа жирийн гишүүний суудлаас албан ёсоор иргэддээ мэдээлэх болно гэдгийг тодорхой хэлсэн. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, өнөөдөр маш олон хуульчид төрийн ордны 3 давхрын зүүн жигүүрээс очиж чиглэл авдаг болсон гэдгийг хэлсэн. Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, шүүгчдийг томилохдоо чөлөөлөгдөх хүсэлтийг нь урьдчилж аваад шүүгч нь мэдээгүй байхад чөлөөлөх тогтоолыг гаргадаг гэдгийг маш тодорхой хэлсэн. Энэ бүхэн Ерөнхийлөгч хариуцлага хийх бүрэн үндэслэл болно гэж харж байна. У.Хүрэлсүх, Х.Нямбаатар нар хэлсэн үгээ нотлоорой гэдгийг хэлсэн. Нотолсны дараа ХҮН-ын дарга, Зөв хүн-Электорат эвсэл, улс төрийн хүчнийг төлөөлж буй УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг гаргаж тавина.

-Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН МАН-тай эвсэх үү?
-Тийм зүйл байхгүй. Бид Ерөнхийлөгчөө захиалъя гэсэн хөдөлгөөн өрнүүлж байгаа. Зөв хүн-Электорат эвсэл түүнд багтаж буй Хөдөлмөрийн үндэсний нам Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж оролцоно. Хэн нэгэнтэй хамтрахгүй.

Exit mobile version