Нийгэм
Буянт-Ухаа болон Чингис хаан нисэх буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтод эрсдэлийн үнэлгээ хийж, 5 дугаар сарын 1-нээс хилээ нээх бэлтгэл хангаж байна
Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа тул хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад COVID-19 халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өгсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сард ажиллаж, гурван чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна.
КОВИД-19 халдварын цар тахлын үед хилийн боомтууд хэрхэн зохицож ажиллах талаар дадлага сургуулилт зохион байгуулах, эрдслийг даван туулах аргачлалуудыг тодорхойлж ажиллахаар ажлын хэсэг бэлтгэл ажлыг хийж буй аж.
Гэрэл зургийн эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба
НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан цар тахлын эрсдлийн үнэлгээг Буянт-Ухаа боомт, Чингис хаан нисэх онгоцны буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад хийсэн бөгөөд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн төлөвлөж ажиллах талаар ажлын хэсэг танилцуулсан.
Хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа Шадар сайд илэрхийлэв. Энэ хүрээнд аюулгүй байдлыг сайтар хангаж, ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах чиглэлийг төлөвлөгөөнд тусгахыг анхаарууллаа.
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба