Улс төр

Б.Тулга: МАН, МАХН эргэн нийлэх ёстой гэх шахалт, шаардлага ирсээр байна

Нийтэлсэн

Монгол ардын нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын удирдлагуудтай хамтран Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн билээ. Одоогоос 10 жилийн өмнө МАН-аас өрх тусгаарласан МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын удирдлагууд хоёр намыг нэгтгэх асуудалд ямар байр суурьтай байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгджээ.

Тухайлбал, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Зууны мэдээ” сонины 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр нийтлэгдсэн илтгэлдээ байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “100 жилийн их түүхийн босгон дээр МАН ба МАХН хэмээх хоёр улс төрийн намын салсан зам, орон зай эргэн нэгдэж нийлэх нөхцөл бүрдэж байна. Нэгэнт түүхийнхээ нэгээхэн хэсэг бий болсон улс төрийн шийдэл гаргалгаанаас шалтгаалан зөрөлдсөн намуудын үзэл бодол харилцаа хандлага нь 100 жилийн түүхт ойн босгон дээр эргэн ойртож буй нь аль аль намын гишүүд дэмжигчдийн дундаас, тухайлбал МАХН-ын гишүүд, Зуут, Мянгат, Түмтийн дарга нарын санал санаачлага, шахалт шаардлагаар тус намын удирдах бүрэлдэхүүнд ирсээр байна. Орсон бороо арилдгийн адил гарсан зөрчил намжиж бид ирээдүйгээ, ирэх 100 жилийн түүхээ салсан биш нийлснээр муудсан биш сайдсанаар эвдэрсэн биш эвлэснээр бичих нь өнөө үед эдгээр намуудыг удирдан манлайлж буй удирдлагуудын асуудал юм. Монгол Улс аз жаргалтай, монгол айл өрх, боловсролтой хүчирхэг иргэдтэй болохын төлөө өвөг дээдсийн үлдээсэн өв, үнэт зүйлийг эрхэмлэн эргэн нийлэх ёстой шүү хэмээн захиж байгаа намын ахмад залуу гишүүдийнхээ хүсэлтийг би өөрийн энэхүү илтгэлээр дамжуулан МАН-ын гишүүд дэмжигчид удирдах бүрэлдэхүүнд төдийгүй эвлэн нэгдэх учиртай улс төрийн 33 нам, тэдний дарга гишүүд, эрхэм эх орончдод хандан уриалж байна” гэжээ.

Exit mobile version