Улс төр
Хотын даргын орлогч З.Төмөртөөмөө болон нэр бүхий албан тушаалтнууд архидан согтуурч, танхайрчээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зургаан орлогч удирдагчтай. Тэгвэл тэдгээр орлогчийн нэг нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөөмөө архидан согтуурч, танхайрсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж байна.
Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээр З.Төмөртөөмөө архидан согтуурсантай холбоотой мэдээлэлд “Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нэгэн буудлын бааранд З.Төмөртөөмөө болон нэр бүхий албан тушаалтнууд архидан согтуурч, танхайрчээ. Улмаар шөнийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тайлбар мэдүүлэг өгсөн байна” гэжээ.
Түүний хувьд энэ үйл явдал нь анхны тохиолдол биш юм. Тэрбээр БНСУ-ын Сөүл хотын Чуннам дүүргийн Цагдаагийн газарт /2018.08.28/ шөнөжин агсам тавьж, саатуулагдсан гэх мэдээлэл бий. Тухайн үед тэрбээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхийн алба хашиж байв.