Эдийн засаг
“Эрдэнэс таван толгой”, “TTJVCo”- той байгуулсан гэрээ дуусгавар болжээ
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн гэрээ өнгөрсөн сарын 28-нд дуусжээ. Тус компанитай анхлан 2015 онд гэрээ байгуулахдаа 2019 онд автоматаар сунгагдах нөхцөлтэй байгуулсан байна.
Харин энэ онд гэрээний хугацаа дуусахад захиалагч буюу “ЭТТ” ХК гэрээг үргэлжлүүлэх, эсэхийг шийдэх боломжтой болж, хоёрдугаар сарын 28-наар гэрээг дуусгажээ. Ингэснээр тус компанийн “ЭТТ”-н уурхайн Зүүн Цанхин дахь үйл ажиллагаа зогссон, дахин нүүрс олборлож тээвэрлэхгүй гэж “ЭТТ” ХК-ийн Хэвлэлийн албанаас мэдээлэв.
“TTJVCo” компани 2018 онд нэг метр куб уулын ажлын зардлыг 4.37 ам.доллараар гүйцэтгэж байв. Энэ нь НӨАТ-гүй төлбөр бөгөөд НӨАТ оруулбал 4.8 ам.доллар аж. Баруун цанхид үндэсний компани болох “Хишиг арвин индистриал” зэрэг хэд хэдэн компаниас бүрдсэн, “Монгол уурхайчид” түншлэл тухайн үед нэг метр куб уулын ажлыг 6475 төгрөгөөр (НӨАТ багтсан) гүйцэтгэж байжээ. Харин жижиг Таван толгой буюу орон нутаг, хувийн хэвшлийн эзэмшдэг «Таван толгой» ХК нэг метр куб уулын ажлыг бүүр 4300 төгрөгөөр буюу ихээхэн бага зардлаар гүйцэтгэдэг аж.
Яг ижил ажлыг, адилхан орчин нөхцөлд хийж буй компаниудад ийнхүү ихээхэн ялгаатай үнэ төлж буйг ЭТТ компанийн «Эв санааны нэгдэл» үйлдвэрчний эвлэл эсэргүүцэж байсан юм.