Дэлхий
“Zoom”-ийн орлого 882.5 сая ам.доллар болж эрс өсжээ
Цахим хурлын платформын эрэлт цар тахлын үед хурдацтай өсөөд байна. Хямралын үед хамгийн ашигтай ажилласан компаниудын нэг бол “Zoom” байсан аж. Тус компани ирэх оны санхүүгийн жилд өсөлтийн төлөвөө маш өөдрөгөөр төсөөлсөн байна.
Цар тахлын үед “Zoom” компанийн хувьцааны ханш тав дахин өсжээ. Дэлхийн улс орнууд хатуу хөл хорионы дэглэм тогтоож иргэд гэртээ их цаг өнгөрөөх болсноор зайнаас ажиллах, зайнаас суралцах дадал дэлгэрч, цахим хурлын платформын эрэлт эрс өссөн байна. “Zoom” компанийн орлого өнгөрсөн улиралд 882.5 сая ам.доллар болж, жилийн дүнгээр 369 хувиар өсөөд байгаа аж.
Харин 2022 оны санхүүгийн жилд орлого нь 3.78 тэрбум ам.доллар болж, 43 хувиар өснө гэсэн орлогын шинэ төсөөллөө тус компани даваа гарагт танилцууллаа. Энэ нь шинжээчдийн төсөөллөөс зургаан нэгж хувиар давсан дүн болж байгаа юм. Хөрөнгө оруулагчид 2020 оны өсөлтөө хадгалж чадах эсэхэд эргэлзэж байгаа ч тус компанийн Гүйцэтгэх захирал Эрик Юань “Цар тахлын дараа ч манай үйлчилгээ үнэ цэнтэй хэвээр байна” гэж мэдээлжээ.
“Zoom” компани бусад платформуудтай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ шинэчилж, сайжруулахад анхаарах юм байна. Мөн жижиг, дунд бизнесээс эхлээд томоохон компаниудтай хамтарч ажиллахаар төлөвлөжээ.
С.Өнөрсайхан