Улс төр

Ерөнхий сайд Хорих ангид очиж, Т.Чимгээтэй уулзахаа мэдэгдлээ

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.03.06) “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхаг, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилга буюу ангар, “Нэг цэгийн үйлчилгээ”-ний барилга, зорчигч үйлчилгээний барилга болон “Аэро сити” төсөлтэй танилцсан.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах үеэрээ “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээтэй гуравдугаар сарын 8-ны өдөр очиж, биечлэн уулзана” гэж мэдэгдлээ.
 

Тэрбээр “Шүүх гэм буруутайг тогтоодог. Өмнөөс нь хэн нэгэн гэм буруутай гэх дүгнэлт хийх боломжгүйг та бүхэн мэднэ. Засгийн газрын тэргүүний хувьд би өчигдөр Жендэрийн үндэсний хорооны хурал дээр нэг зүйлийг амласан. Тэр нь эрүүдэн шүүлттэй холбоотой зарим нэг субъектүүдийн асуудал. Шүүн таслах үйл ажиллагаа хийгдэх, хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явж байх үед аймшигтай зүйл болдог нь ил болсон. Та бүхэнд үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж байгаа, хувцсыг нь тайлаад, тэрийг нь бичиж аваад нөхөр рүү нь явуулсан асуудал хүртэл гарсан байгаа юм. Энэ бүхнийг олон нийтэд ил болгож, тухайн үед ярьж чадаагүй.

Жендэрийн үндэсний хороон дээр манай эмэгтэй гишүүд энэ асуудлыг хөндөж тавьсан. Тиймээс гуравдугаар сарын 8-ны өдөр энэ агуулгаар Т.Чимгээтэй миний бие очиж уулзана. Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа гэх агуулгаар бус эрүүдэн шүүлт Монгол Улсад дахиж хэзээ ч байх ёсгүй гэх агуулгатай шийдэл юм.

Төв аймагт байдаг ашигладаггүй тусгай хорих ангийг тохижуулсан. Тэр хорих анги дээр гуравдугаар сарын 8-ны өдөр мөн очно. Хорих ангийн доод давхарт буюу эрүү шүүлт хийсэн газарт нь очино. Тус хорих ангийг дахиж ашиглахгүйгээр хаана. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаан дээр гацсан байгаа зарим нэг асуудлууд дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэж мэдэгдлээ.

Exit mobile version