Улс төр

Цоо шинэ эздээ хүлээсэн Ардчилсан нам

Нийтэлсэн

Улс төрийн нэгэн жигүүр, улс орны нэгэн тулах багана байх учиртай АН юу болов. Хамгийн наад зах нь энэ парламентад сөрөг хүчин илтэд дутагдаж байна. Гэтэл УИХ-д бүлгийн хэмжээнийн суудалтай АН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь бүү хэл байгаа эсэх нь мэдэгдэхээ болилоо. Ардчилсан гэх нийгэмд ардчилсан гэх тодотголтой, барууны үзэлтэй гэх энэ нам байж гэмээнэ Монголын нийгэм, улс төр тэнцвэртэй харагдана. Гэтэл өнөөдрийн парламент, Засгийн газар гэхэд хуучин Улс төрийн товчоо шиг л ажиллаж байна. Юун ардчилал, сөрөг хүчин. Эрх баригчид гуравдагчдын орон зайд байсан угшил нэгт МАХН-тай нэгдэх тухай яриа нь тэднийг улам бүр сүр хүчгүй харагдуулна. Том зургаараа бол нийгэм, эдийн засгийн цусны эргэлтийг сэлбэж, заримдаа цэвэршүүлж тэтгэж явах ёстой хүчин зүйл учраас үгүйлэгдэх учиртай. Монгол Улс нэгэнт ийм тогтолцоог сонгоод 30 жилийн нүүр үзэж.

АН богинхон өрнөх түүхэндээ залуу хойч үеэ дэмжиж байгаагүйн лайг одоо эдэлж тарамдаж байна. Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын цөөн залууст нэр дэвших эрхийн мандат өгч, сайдын суудалд залаад байсан нь дэмжиж байгаа мэт харагдах л байх. Гэвч худлаа юм. Эдгээр залуусыг өмнөө барих, зөөлөвч хийх, зарим эрх мэдэлтэн Засгийн газарт өөрийн төлөөллөө шургуулах замаар гаргаж ирсэн болохоос дэмжсэн хэрэг биш. Өнөөдрийн байдлаар АН С.Эрдэнийн нам, Ц.Тувааны нам гэсэн хоёр статустай болчихсон явна. С.Эрдэнийн ар талд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байгаа бол Ц.Тувааны ар талд Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэх. Мэдээжийн хэрэг хөндлөнгөөс бие даасан нэртэй ч Н.Алтанхуяг хор хутгаж, нэг талыг барьж л байгаа. Д.Дорлигжав, З.Энхболд, Э.Бат-Үүл, Д.Баттулга, Р.Амаржаргал нар ч өөр өөрийн зүгээс хандаж байгаа. Тэд байр сууриа ч илэрхийлсэн нь бий.

АН сэхэх эсэх нь эдгээр хэдэн нөхдийн хэрэг биш болсон. Нэгэнт унаж шатаж яваа намыг татан буулгаад шинээр үзэл баримтлалаа боловсруулан босгож ирэх залуус хэрэгтэй байна. Тэгээд ч улс төр судлаачид, бүр олон улсын хэмжээнд “Монгол Улсад ардчилсан нийгэм мөн чанараараа хөгжөөгүй. Суурь зарчим, үзэл баримтлал ч хоосон зүйл” гэдгийг дэлхий нийтээр судлаачид батлан ярьдаг. Үүгээр ч зогсохгүй “Монголын ардчилал бол ардчилал биш, зэрлэгдүү капитализм хөгжүүлсэн” гэх судлаачдийн байр суурь олон бий. Тэгэхээр дэлхий хавтгай болсон энэ цагт нэн шинэ үеийн залуус энэ намыг цоо шинээр цогцлоон босгох цаг ирснийг л харуулна. Намдаа биш энэ улс орны нийгмийн тогтолцоонд хэрэгтэй байгаа юм.

Одоо АН-ын нэрээр 30 жил туйлаад өдгөө ч ханаагүй байгаа Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Д.Дорлигжав, З.Энхболд  нар зүгээр л явах хэрэгтэй. АН бүү хэл Монголын ардчилалд гай болсон гэдгээ ухамсарлах цаг нь ч болжээ. АН-ыг үүссэн цагаас нь хөөдсөн Э.Бат-Үүл тэргүүтэй нөхдүүд гудамжинд гарч, хэрэг төвөгт татагдахаараа л “Ардчиллаа аварна, миний нам ийм байх ёсгүй” гээд гараад ирдэг. Сонгуульд унахаараа л “Ардчиллаа аварна” гээд гараад ирдэг. Алдаж уруудахаараа л ардчилалд жигтэйхэн хайртай, мандаж бадрахаараа ардчиллаа байнга дэвсэлж байдаг ийм өвгөд л дүүрэн байна. Ядахад толгой нь цагаан болж, шүд нь сийрсэн ч алдаж ханахгүй ийм луйварчдаа зайлуулж байж л нам утгаараа оршино. Ардчиллаа өөрсдөө дэвсэлж байж “аварна” хэмээн цээжээ дэлдэж байгаа өвгөдийг харахаар хэний ч дургүй хүрэх байх. Нэгэн насаар ардчиллаа дэвсэлсэн эдгээр улстөрч өвгөдөөс гадна хөндлөнгийн нөхөд ч байна. Өчигдөрхөн “Ардчилал мандатугай” гээд явж байсан нэртэй жүжигчин Д.Сосорбурам хүртэл намаа адлан, хоосон цэцэрхэж сууна. Авахаа авсан бол дуугүй зайлах хэрэгтэй. Эд нар бол ирж байгаа шинэ салхийг худал дурсамжаар хаасан хоосон цэцэрхэгчид.

Ардчилал гэх зүйлийг өмчлөөд байгаа нөхөд эрийн сайндаа байгуулчихсан зүйл биш. Ах дүү социалист оруудад өрнөсөн ардчиллын салхи дагаж Монгол Улсад жамаараа өрнөсөн үйл явдал. Тухайн цагт хилийн чанад сурч байсан хэсэг залуус талбай дээр гарч ирсэн. Кремлийн нөлөө салаагүй байсан цагт хойд хөршийн өөрчлөлтийн салхийг мэдэх, мэдээлэл бүхий Улс төрийн товчоо ах дүү орны салхийг дагаад л огцорчихсон юм. Энд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар өөртөө хөшөө босгох гээд гүйгээд хэрэггүй. Дэлхийн түүхэнд 300-аад жил хөгжиж ирсэн нийгмийн тогтоц. Тэдний гайхуулах ч зүйл биш. Үнэхээр гайхуулах гээд байгаа бол АН-ыг жинхэнэ үзэл баримтлалын дагуу босгож үйл ажиллагааг нь цэгцэлчихээд минийх хэмээн цээжээ дэлдэх байв. Одоо энэ эрх нь, өөрөөр хэлбэл ардчиллыг өмчлөх эрх нь залуусын ирээдүйд бий. Энэ луйварчдад аль ч утгаараа байх ёсгүй юм.

Энэ сарын 28-ны өдөр АН-ын даргыг сонгох сонгууль болно. Намын даргад өрсөлдөх хүмүүсийн нэрсийг өчигдөрөөс бүртгэж эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх аж. Тиймээс даргын сунгаанд дурсамжаар ирээдүйгээ хаасан нөхдүүд, олонд харагдах гэсэн тавьтиргүй залуусын уралдаан болчих вий гэж бодсон доо үүнийг тэрлэсэн хэрэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд саяхан болж өнгөрсөн “Эх орончдын өдөр”-өөр хөшөөнд цэцэг өргөхөөр улс төрийн намын дарга нар тэргүүн эгнээнд хамраа сөхөж, харин Ерөнхий сайд арын эгнээнд зосгож байгаа нь төрийн дээр нам гарчихсныг илтгэж байгаа хэрэг. Ийм л цаг дор жинхэнэ сөрөг хүчний үүрэг оролцоо үгүйлэгдэж байна. Анх 31 жилийн өмнө шан татсан өнөөх зам харгуй хаашаа төөрч ирснийг харуулсан хэрэг. Шуудхан хэлэхэд ардчилал хэмээн буруу замаар гарчээ. Үүнийг засаж залруулах эрх үүрэг нь дээр хэдэн нөхдөд байхгүй. 30 жил төөрсөн насан зүгийн нөхөд засаж залруулах боломжгүй. Тэдний залгамж халаа гэх нөхөд ч хэрэггүй. Цоо шинэ удирдагчид хэрэгтэй байна.

Удахгүй болох АН-ын даргын сунгаа өнөөх л “Шонхор”, “Алтангадас”, МоАХ, “Нэг ардчилал”, МҮДН гэх мэт фракцуудын дунд өрнөнө. Аль өнгөтэй өөдтэй, хөрөнгөтэй байгаа нь даргынхаа суудлыг авна. Нөгөө талаар өндөр эрх мэдэлд байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгын ашиг сонирхол гэж тэсрэх бөмбөг шиг зүйлийг тойрч гарах сунгаа гэж байхгүй. Тэр ямар нэгэн хэмжээгээр оролцоно. Ингэхээр ямар ч өөрчлөлт гарахгүй. Энэ л фракц дундын зодооноос хэн нь ч гарсан нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Хуучин суурин дээр хуучин үзэл санаагаа хэлбэрийг нь өөрчлөөд өрнөнө гэсэн үг. Ямартай ч энэ удаагийн АН-ын даргын сонгуулиар өөрчлөлт гарахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр ойрын ирээдүйг хүлээж, цоо шинэ эздээ тодруулах зайлшгүй шаардлага байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version