Боловсрол
“Балинч”-аа аваач ээ Ё.Баатарбилэг сайд аа
Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор И.Пүрэвдорж, “Алдар цуут Анагаахын сургуулийн захирлын албыг өмнө нь хашиж байсан хүмүүс ч өөрсдөө алдар цуутай, эрдэм чадалтай энэ салбартаа домог мэт нэр хүндтэй улс байлаа. Харамсалтай нь одоогийн захирал гэгдээд байгаа Ж.Цолмон гэгч энэ бүсгүй намын нэрээр түрий барьж хууль бусаар захирлын суудалд суусан цагаас хойш сайн нэрт Анагаахын сургуулийн нэр сааралтаж бүдгэрсээр байна” хэмээн Өдрийн сонинд бичсэн нийтлэлдээ онцолсон юм.
Тэрбээр мөн “Хууль бусаар” захирал болсон гэж үзэж байгаагаа тайлбарлахдаа, тухайн үед БСШУС–ын сайд асан Ц.Цогзолмаа нь Ж.Цолмонтой цуг гадаадад явж ирсэнийхээ дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тушаал гаргаж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан захирал Г.Батбаатарыг халж, Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Бүх нийтийн амралт эхэлж, сургууль тарж, багш нар амарчихсан үе буюу салбарын сайд нь Цолмонг хэзээ ч зөвшөөрөхгүйг мэдсэн учир “чоно борооноор” гэдгийг ийнхүү харуулсан хэрэг.
Гэтэл тус сургуулийн захирлыг солих өөрчлөх аваас сургуулийн хамт олны саналыг харгалзан хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлж сонгон шалгаруулдаг бөгөөд энэ л зарчмын дагуу Г.Батбаатар захирлыг 10 гаруй хүнтэй 4 шалгуураар өрсөлдөж, сонгон шалгаруулалтад ялсанаар БСШУ–ны сайдын 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар томилж байжээ. Харин өнөөгийн захирал Ж.Цолмон энэ бүх шалгуураар орсонгүй, намын нэрийг барьж, зүтгэсээр Ц.Цогзолмаа найзаараа ийнхүү зүтгэж хүслээ биелүүлсэн байдаг. Харин энэ зохисгүй явдлыг “60 тэрбумын томилгоо” гэж үзэн багш нарын зүгээс эсэргүүцэж, телевизээр мэдэгдэл хийж, БСШУС–ын яамны үүдэнд жагсаж, багш нар Ж.Цолмонг эсэргүүцэж гутлаараа шидэж танхимаас хөөж гаргасан зэрэг үйл явдал болж байв.
Энэ үед зуны амралт дуусч хичээл эхэлсэн тул сургалтын үйл явцаас багш оюутнуудыг хөндийрүүлэхгүйн тулд эсэргүүцлийн цуглаанаа зогсоож, хуулийн шугамаар үнэн мөнөө олохоор шүүхэд хандсан байдаг. Ингэснээр анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 04-нд хуралдаж Г.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томилох, өнгөрсөн хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гаргав. Ц.Цогзолмаа, Ж.Цолмон нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдав. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-нд хуралдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх магадлал гаргасан. Тэд мөн л шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Дээд шүүхэд ханджээ. 2019 оны 04 дүгээр сарын 25-нд Дээд шүүх хяналтын шатны хурлаа хийж “Нийслэлийн шүүхийн магадлалыг хэвээр үлдээсүгэй” гэсэн шийдвэр гаргасан байна. Мөн 2019 оны 07 дугаар сарын 30-нд Сүхбаатар дүүргийн шүүх шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасан. Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар албан тушаалтнуудаас хэн нь ч хөдөлгөсөнгүй. Ийнхүү профессор Г.Батбаатар ардын намын эрх мэдэлтнүүдэд албан тушаалаа булаалган ажилгүй болсоор 1 жил 6 сарын нүүр үзлээ. Дээд шүүхийн шийдвэрээс дээгүүр эрх мэдэлтнээр өөрийгөө хамгаалуулсан Ж.Цолмон гэгч “Намайг нам минь хамгаална” гэж ярьдаг төдийгүй түүндээ эрдэж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гээч болж байна. Арай дэндсэн хэрэг биш гэж үү, Баатарбиэлэг сайд аа…
Ч.Чулуун