Эдийн засаг
“Хар алт”-ны ханш ГУРАВ ДАХИН өсчээ
Дэлхий дахинаа “Ковид-19” цар тахал дэгдэж, хүн амын хөдөлгөөн буурснаар эдийн засгийн идэвхжил хумигдаж тэр хэрээр шатахууны хэрэглээ буурч зах зээлд эрэлт багасч үнэ буусан. Зах зээлийн жамыг дагаж манай улсад нийлүүлэгддэг шатахууны үнэ ч буурч иргэд хэсэгтээ л үнийн өсөлтөөс төсвөө хэмнэж чадсан.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Brent маркийн газрын тосны үнэ сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн бага түвшин буюу 20 ам.долларт хүрч байсан бол өнөөдрийн байдлаар 1 баррель нь 69 ам.долларт хүрч гурав дахин нэмэгдээд байна. Үнэ өсч буй шалтгаан нь дэлхий даяар ковидын эсрэг вакцинжуулалт хийгдэж, улс орнуудад хорио цээрийн дэглэм суларч, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой. Үүнээс гадна газрын тос нийлүүлэгч орнуудын холбоо ОПЕК+ болон Саудын араб олборлолтоо хязгаарлаж, АНУ-ын ам.долларын ханш суларсан зэрэг нь үнэ өсөх шалтгаан болжээ.
Гэхдээ шижээчдийн тооцооллоор 2021 онд 1 баррель газрын тосны үнэ дунджаар 45-60 ам.долларын хооронд хэлбэлзэхээр байна.