CRI Монгол радио

АНУ-ын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүст амны хаалтгүй цугларахыг зөвшөөрлөө

Нийтэлсэн

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын аян эрчимжиж, Covid-19 өвчлөл буурч байгаатай холбогдуулан АНУ-ын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс өчигдөр шинэ зөвлөмж гаргажээ.

Шинэ зөвлөмжийн дагуу вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүст дотоод орчинд амны хаалтгүй цугларахыг зөвшөөрсөн байна.

Мөн вакцинжуулалтад хамрагдсан хүн хамрагдаагүй хүнтэй айлд зочлохдоо Covid-19 өвчний шинж тэмдэг илрээгүй л бол амны хаалт зүүхгүй, хоорондын зай барихгүй байхыг зөвшөөрчээ.

Үүнээс гадна вакцинжуулалтад хамрагдсан хүн Covid-19 халдвартай хүний хавьтал болсны дараа ямар нэг шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээ өгөх, өөрийгөө тусгаарлах шаардлагагүйг шинэ зөвлөмжид заасан байна.

Өнөөдрийн байдлаар Америкийн насанд хүрсэн хүн амын 23 хувь буюу 59 сая хүн коронавирусийн эсрэг вакцины ядаж нэг тунг тариулаад байгаа юм.

Pfizer болон Moderna вакцины хоёр дахь тунг хийлгээд хоёр долоо хонож байгаа, Johnson & Johnson вакцины нэг тунг тариулаад мөн хоёр долоо хоносон хүн бүрэн дархлаажсанд тооцогдож байна.

Эх сурвалж: AFP

Exit mobile version