Улс төр

Цэцийн 2 гишүүний сонгон шалгаруулалт зарлав

Нийтэлсэн

Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод жил гаруй хугацаа өнгөрч буй. Бүрэн эрх нь дуусгавар болсон хоёр гишүүнийг Улсын дээд шүүхээс санал болгох ёстой ч өнөөдрийг хүрсэн. Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон.

ЦЭЦИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай.

УИХ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн дарга Д.Одбаяр-2016.11.17-ны өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ш.Солонго-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Туулхүү-2018.05.24-ний өдөр томилогдсон.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Н.Чинбат-2017.06.09-ний өдөр томилогдсон. 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд Цэцийн даргаар сонгогдсон.
  • Цэцийн гишүүн Д.Солонго-2013.12.26-ны өдөр томилогдсон /бүрэн эрх нь дуусгавар болсон/
  • Цэцийн гишүүн Ш.Цогтоо-2014.01.3-ны өдөр томилогдсон /бүрэн эрх нь дуусгавар болсон/

Угтаа бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд зааснаар урьд санал болгосон байгууллага нь дараагийн хүнийг нэр дэвшүүлж, УИХ томилох ёстой. Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарыг Улсын дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн гишүүдэд нэр дэвшигчийг мөн Улсын дээд шүүхээс санал болгох зохицуулалттай учраас ийн Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахаар зар түгээжээ. Мөн нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд мэдээлэх юм байна.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан, уг хуулийн  25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авах зохицуулалттай. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн 65.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.1-д тус тус заасны дагуу, Улсын дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэн байх шаардлагатай. Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл авах юм байна.

3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам:

  • Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг УИХ 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

ЦЭЦИЙН ГИШҮҮНД ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ?

Улсын дээд шүүхээс Цэцийн дараагийн гишүүдийн сонгон шалгаруулах зар тараасан учраас албан бусаар олон нэр дэвшигчийн нэр яригдаж байна. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгч О.Зандраа,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Д.Эрдэнэчулуун, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган, Монголын Өмгөөлөгчийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганбаатар, шүүгч П.Амаржаргал, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан нарын нэрс яригдаж байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн бүрэн эрх дуусгавар болсон ч дараагийн гишүүн томилогдох хүртэл ажил үүргээ гүйцэтгэх ёстой.

Улс төрийн өнцгөөс авч үзвэл, энэ удаагийн Үндсэн хуулийн Цэцийн томилгоонд эрх баригч МАН “оролцох” боломжтой. Шинэ Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, Цэцийн гишүүн болох сонирхолтой хүн бүрийг томилох ч шүүгч нарын дотоод санал хураалтаар Цэцийн гишүүдийг томилж, нэр дэвшүүлнэ. Тиймээс Шүүхийн тухай хуулиа баталж, хэрэгжүүлээд эхэлсэн эрх баригч нам “өөрийн” хүмүүсээ Цэцийн гишүүнд зүтгүүлнэ. Тэгж байж эрх баригчид Цэц дээр “олонх” болно.

Ш.ЧИМЭГ

Exit mobile version