Нийгэм
Өчигдөр 8,110 иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ. Өнөөдөр худалдаа үйлчилгээний салбарынхныг дархлаажуулна
Улаанбаатарын иргэдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил үргэлжилж байна. Хуваарь ёсоор өнөөдөр худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг дархлаажуулна.
Өчигдөр/2021.03.09/ орой 18:00 цагийн байдлаар вакцинжуулалтын байнгын 40 цэгт 8,110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулжээ. Улаанбаатар Цахилгаан түгээх станцын ажилчид, Төрийн үйлчилгээний компанийн ажилчид, Цэвэрлэх байгууламжийн ажилчид, Хил хамгаалах ерөнхий газрын ажилчид, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид гээд нийт 13,470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн байв.
2021.03.09-нд вакцинд хамрагдсан иргэдийн тоо:
Дүүрэг | Вакцинд хамрагдсан иргэдийн тоо |
---|---|
Баянгол дүүрэгт | 1,691 |
Баянзүрх дүүрэгт | 1,636 |
Сүхбаатар дүүрэгт | 1,312 |
Сонгинохайрхан дүүрэг | 572 |
Налайх дүүрэг | 449 |
Чингэлтэй дүүрэг | 360 |
Багануур дүүрэг | 243 |
Багахангай дүүрэг | 40 |
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан: Өнөөдрийн байдлаар манай улс AstraZeneca вакциныг хэрэглэж байгаа. Нийт 150 мянган тун байгааг 75 мянган хүнд хийнэ. Эрэмбийн дагуу вакцинаа хийгээд явна. Эхлээд AstraZeneca вакцинаа хийгээд, үргэлжлүүлэн БНХАУ-ын Синофарм компанийн вакциныг хийж эхэлнэ хэмээн мэдээлж байсан юм.