Боловсрол

Хувийн сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд танхимын сургалтыг эхлүүлэх, хувьсах зардлыг шийдвэрлэх хүсэлт тавив

Нийтэлсэн

Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшлийн 167 ерөнхий боловсролын сургууль, 506 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Тэдний төлөөлөлтэй Боловсрол, шинжлэх ухааны сайд болон холбогдох газар, хэлтсийн дарга нар цахим уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Боловсролын тухай багц хуулийн төсөл, Ковидын үеийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа гэсэн хоёр үндсэн сэдвээр талууд санал солилцсон юм.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын хуулийн төсөлд ирүүлсэн саналыг нэгтгэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.

Цар тахлын үеийн хичээл сургалтын тухайд хувийн сургуулиуд онлайнаар хичээлийн агуулгаа үзэж байгаа бөгөөд сурагчдын хамрагдалт 90 хувь, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж 85 хувь гэсэн судалгаа хийжээ.

Хувийн сургууль, цэцэрлэгийн төлөөлөл танхимын сургалтыг эхлүүлэх, хувьсах зардлыг шийдвэрлэх, багш нарыг шинжилгээ болон вакцинжуулалтад хамруулах хүсэлтийг тавилаа.

Сургуулийн өмнөх боловсрол буюу хувийн цэцэрлэгийн тухайд 39 мянган хүүхдийг энэ хичээлийн жилд сургаж байна. Энд 5,000 гаруй мянган багш ажилчид ажиллаж байгаа юм.

Хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хугацаа 3-4 жил байдаг боловч хүүхдүүд суурь төлөвшлийн 70-80 хувийг 6 хүртэлх насандаа авдаг учир хамгийн чухал боловсролын байгууллага болохыг сануулж байлаа. Нэг багшид ногдох хүүхдийн тоо чанарт нөлөөлж байгаа болон нийгмийн баталгаанаас хувийн сургууль, цэцэрлэгийн багш нар хоцрогдож байгааг энэ уулзалтын үеэр хэлж байлаа.

Салбарын сайдын зүгээс тоглоомын дүрмийг тодорхой байлгахаа амлаад хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллахыг урилаа. Өрсөлдөж биш хамтарч хөгжинө гэдэг зарчим дээр талууд санал нэгдэж байв. 100 жилийн түүхтэй боловсролын салбарын ачаанаас хувийн хэвшлийнхэн үүрэлцээд 30 орчим жил болж байгаа юм.

Эх сурвалж: БШУЯ

Exit mobile version