Эдийн засаг
Б.Жавхлан: Иргэн болон НӨАТ төлөгч ААН-үүдэд өнөөдрөөс гурван хувийн хүүтэй зээл олгоно
Засгийн газрын баталсан “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөр”-ийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд ажлын байрыг дэмжих зорилгоор хоёр их наядын зээлийн үйлчилгээг маргаашаас эхлүүлэхээр болжээ. Тус зээлд аж ахуйн нэгжээс гадна иргэдийг хамруулах чиглэл барьж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Мөн тус хөтөлбөрт 20-25 мянган иргэнийг хамруулна гэсэн судалгааг гаргасан байна. Харин аж ахуйн нэгжүүд заавал НӨАТ /нэмэгдсэн өртгийн албан татвар/ төлөгч байх гэсэн шаардлагыг тавих юм байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Иргэд, аж ахуйн нэгжүүд рүүгээ чиглэсэн зээлийн үйлчилгээ өнөөдрөөс эхэлж байна. Энэ зээл нь гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй, төрөөс 60 хүртэлх хувьд нь зээлийн батлан даалт гаргах юм. Арилжааны банкуудаас зээл болж гараагүй, төвлөрөөд байгаа санхүүжилтийг зээл болгон гаргаж, эдийн засгаа идэвхжүүлэх юм. Зээлийн нөхцөл бол төрөөс тавьж байгаа ганц л шаардлага байгаа. Тэр нь аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч байх. Мөн энэ зээлийн үйлчилгээнд иргэдийг хамруулна. Бичил бизнес, өрхийн бизнес эрхэлдэг иргэдийг хамруулна. Төрөөс явуулдаг хөтөлбөрүүдэд иргэд дандаа хоцроод байдаг байсан. Тиймээс энэ зээлд иргэдээ түлхүү хамруулна. Үүнд хэрэглээний зээл орохгүй. Иргэдэд 50 сая төгрөг хүртэлх гурван хувийн хүүтэй зээл олгоно. Харин НӨАТ төлөгч ААН-үүдэд 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй олгоно.
Манай улсад 830 мянган ажил олгогч бүртгэлтэй байдаг. 2020 онд 69 мянган ажлын байрыг алдсан. Хэрвээ бид эдийн засгийн идэвхжүүлэлт хийхгүй бол нэмээд 130 мянган ажлын байр алдах эрсдэл учраад байгаа. Тиймээс зээлээр дамжуулж эдийн засгийн идэвхжил хийнэ гэж шийдсэн. Ер нь эдийн засгийн идэвхжлийг сэргээх гурван арга байдаг.
1. Зээл
2. Төсөв буюу төсвийн гүйцэтгэл хөрөнгө оруулалт
3. Гаднын хөрөнгө оруулалт
Эдийн засаг дахь зээлийн идэвхжил байхгүй бол төсөв эрсдэлд орж эхэлдэг.
Өнгөрсөн хугацаанд 4.1 их наяд төгрөгийн ачааллыг төсөв дээрээ авч ковидын үеийг даван туулж байгаа. Цаашдаа төсөв дээр томоохон хэмжээний ачаалал авах боломжгүй болсон. Тиймээс банкны эх үүсвэрээр эдийн засгаа сэргээх юм. Аж ахуйн нэгжүүд өмнө нь авсан зээлээ гурван хувийн хүүтэй зээлээр солих боломжийг олгож байгаа.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
–Энэ оны төсөвт тодотгол хийх үү?
-2021 оны төсөвт тодотгол хийх, үгүйг хэлэхэд эрт байна. Төсвийн тухай хуулиараа тодотгол хийх нөхцөл үүссэн байх ёстой. Одоогоор ийм нөхцөл үүсээгүй байна. Эрт байна. Хоёрдугаар сарын төсвийн орлого 100 хувь гарлаа.
–Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аж үйлчилгээ хийчихсэн аж ахуйн нэгжүүдийн мөнгөө авч чадахгүй байна. Энэ мөнгийг хэзээ өгөх вэ?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2020 оны гүйцэтгэлээр тасарсан нь үнэн. 170, 180-аад тэрбум төгрөгийн гүйцэтгэл тасарсан. Үүнийг зохицуулалт хийж 2021, 2022 онуудад хөрөнгө оруулалтад нэмж шингээхээр төсөвтөө тусгаж баталсан.
-Энэ зээлийг бүх банк олгох уу. Эсвэл нэр заасан банкуудаар дамжуулах уу?
-Бүх банк оролцох бүрэн боломжтой. Жижиг зах зээл дээр ажиллах зээлийн бүтээгдэхүүн учраас харилцагчдаа мэддэг, олон жил ажиллаад сурчихсан банкууд түлхүү оролцох нь тодорхой.
-Яг ямар иргэдэд зээл олгох вэ. Иргэдэд ямар шаардлага тавих вэ?
-Хэрэглээний зээл олгогдохгүй. Хэрэглээ болоод гаргах зориулалтаар гаргахгүй. Нэг, хоёр ч байсан хамаагүй цалин олгодог иргэддээ өгнө.
-Чанаргүй зээл нэмэгдэх үү?
-Чанаргүй зээлийг нэмэхгүй байхын төлөө энэ зээлийг мэргэжлийн байгууллагаар нь дамжуулж байгаа. Өмнө нь төрийн байгууллага зээл олгодог байснаар тэнд эрүүл харилцаа байгаагүй гэж ойлгож болно.