Нийгэм

Л.Энхсайхан: Вакцин хийлгэхэд PCR шинжилгээ шаардахгүй

Нийтэлсэн

Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.03.09-ний байдлаар ЭМЯ, ХӨСҮТ танилцуулсны дараа ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, ЭМЯ-ны НЭМТБХЗ газрын дарга Л.Энхсайхан нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Манай улсад вакцины нөөц хэр байгаа вэ. Дараагийн вакцин хэзээ ирэх вэ?

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар 150 мянган хүн тун “АстраЗенека”, БНХАУ-ын Синофрам вакцинаас 300 мянган хүн тун, ОХУ-ын Спутник-V 10 мянган хүн тун байна. Нийт 460 мянган хүн тун вакцин байна.

-Иргэд халдвар авснаа мэдэлгүй вакцин хийлгэвэл ямар үр нөлөө үзүүлэх вэ?

-Дархлаажуулалт хийхэд PCR шинжилгээ шаардахгүй хийнэ. Улаанбаатар хотод авч байгаа шинжилгээний нэгээс бага хувиас халдвар илэрч байна. Хавьтал, тандалтын шинжилгээнээс 90-ээс дээш хувиас халдвар илэрч байна. Тиймээс PCR шинжилгээ шаардахгүй вакцинд хамруулна.

-Вакцин хийлгэсэн хүмүүс хөдөө орон нутаг руу явахдаа заавал PCR шинжилгээ хийлгэх үү?

-Хөдөө орон нутаг явж байгаа хүмүүсээс PCR шинжилгээ шаардаж байгаа. Хамгийн эхний тунг хийлгэсний дараа тухайн хүн тэр дороо хамгаалагдана гэсэн үг биш. Хоёр дахь тун авсны дараа тодорхой хугацаа өнгөрч байж дархлаа тогтооно. Тиймээс вакцин хийлгэсэн гэж тайвширч болохгүй. Дархлаагаа дэмжиж, шөнө маш сайн унтаж амарч, амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах ёстой.

-Вакцин тариулсан хүмүүс халдвар авбал яах вэ?

-Вакцин хийлгэсэн хүмүүс тодорхой хэмжээгээр хамгаалагдана. АстраЗенека 70, Спутник 92 хувь хамгаалж байгаа. Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авбал хүндрэлээс 100 хувь сэргийлж байна гэсэн судалгааны үр дүнгүүд бий. Өвчиллөө гэхэд хөнгөн өвчилнө. Вакцин хийлгэсэн хүмүүст дархлаажуулалтын дараах урвал хүндрэл гарч байна. Ийм шинж тэмдэг эхний 20-30 минут хийдэг.

-Төрийн ордонд ажилладаг хүмүүсээс халдвар илэрсэн. Хэдэн хүнээс илэрсэн бэ. Ажилчдыг бүрэн шинжилгээнд хамруулсан уу?

-Төрийн ордонд үйлчилгээнд ажилладаг нэг хүнээс халдвар илэрсэн. 80 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй байна. Тусгаарлах шаардлагатай хүмүүсийг тусгаарласан.

-Хоёрдугаар эмнэлгээс халдвар илэрсэн гэсэн. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа юу?

-Хоёрдугаар төв эмнэлгээс мөн нэг хүнээс халдвар илэрсэн. Тухайн голомтыг халдваргүйжүүлэх, ойрын болон дам хавьтлыг илрүүлэх ажлыг хийсэн. Одоогоор эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа.

-Вакцин хийлгэх хүмүүс сонголтоор хийлгэж болох уу. Өнөөдрөөс иргэдэд ямар вакцин хийж байгаа вэ?

-Өнөөдөр АстраЗенека вакцин хийж байгаа. Мөн 150 мянган хүнд БНХАУ-ын вакциныг хийнэ. Одоогийн байдлаар вакцин хийлгэх хүмүүсээ эрэмбэлсэн. Өнөөдрөөс нэг өдөрт 15 мянга орчим хүнийг вакцинжуулна. Эхлээд “АстраЗенека” вакциныг хийгээд дараа нь БНХАУ-ын вакциныг хийнэ. Иргэд энэ хоёр вакцинаас сонголтоороо хийлгэнэ гэсэн үг.

-Иргэд сайн дураараа төлбөртэй вакцинд хамрагдаж болох уу?

-Шадар сайд, Эрүүл мэндийн сайд хувийн хэвшлийн вакцин оруулж ирэх төлөөллүүдтэй өнгөрсөн долоо хоногт уулзсан. Үүнийг Засгийн газар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Exit mobile version