Эдийн засаг

Б.Болд Монголд ирж, талууд Оюутолгойн гэрээг сайжруулах асуудлыг хэлэлцэнэ

Нийтэлсэн

Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулагч талууд хэлэлцээ хийж байгаа билээ. Монголын талаас Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “Рио Тинто”-гийн талаас Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд нар ажиллаж, хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулсан.

Тэгвэл энэ сарын сүүлээр “Рио Тионто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болдоор ахлуулсан баг Монголд ирж, талууд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах асуудлаар яриа хэлэлцээг дүгнэж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар үр дүнтэй уулзалтуудыг хийхээр төлөвлөснийг эх сурвалж мэдээллээ.

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд Ажлын хэсгийн анхны уулзалтын үеэр  “Бид бүгд нэг завин дээр байгаа шүү. Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээг урагшлуулж, төслийн үр шимийг бүх талуудад нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна” гэдгийг онцолсон байдаг.

Монголын Засгийн газраас Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах, төслийн үр өгөөжийг сайжруулах, ашгийн татварыг төлөх зэрэг тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн билээ. Энэ хүрээнд талууд Дубайн гэрээг цуцлахаар тохиролцсоныг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүн дэд дарга Б.Солонгоо мэдээлсэн юм. Мөн Монголын татварын албанаас нөхөн ногдуулсан 649 тэрбум төгрөгийн татварын торгууль, алдангийг Оюутолгой компаниас төрийн санд шилжүүлсэн.

Дашрамд дурдахад, Оюутолгой компанийн ТУЗ-ийн ээлжит хурал ирэх пүрэв гаригт болох бөгөөд хурлаар татвар, далд уурхайн бүтээн байгуулалт болон цахилгаан станцын төслийн асуудлыг хэлэлцэх юм байна.

Exit mobile version