Дэлхий

ДЭМБ: Вакцинжуулалт эхэлсэн гээд халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүй

Нийтэлсэн

ДЭМБ-ын ахлах эрдэмтэн, доктор Сумья Сваминатан дэлхий даяар “COVID-19”-ийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа тул улс орнууд халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй байхыг анхаарууллаа.

Тэрээр даваа гаригт “CNBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Бид маш эрсдэлтэй үетэй нүүр тулаад байна. Дэлхийн хэмжээнд өвчлөл буурахад хөл хорио томоохон нөлөө үзүүлсэн. Өвчлөл нэмэгдэж, буурах нь хүмүүсийн хандлагаас хамаарна. Гэвч сүүлийн өдрүүдэд хүмүүсийн дунд удахгүй вакцин хийлгэнэ гэх хүлээлт бий болж, хувийн хамгаалалтаа сулруулах хандлага ихээр ажиглагдаж байна. Вакцинжуулалтаас хамаарч бид хамгаалалтаа сулруулж болохгүй. Энэ бол халдвар хамгааллын дэглэмээ бууруулах цаг биш. Нөгөө талдаа сүүлийн өдрүүдэд өвчлөл огцом нэмэгдсэн нь вирусийн шинэ мутацийн тархалт эрчимжсэнтэй холбоотой. Бид вирусийн өнөөгийн тархалтыг хяналтдаа оруулж, вакцины хангалттай тунг олж авах хүртлээ шаардлагатай бүх хариу арга хэмжээг үргэлжлүүлэн авах ёстой. Дэлхийн дахинд вакцинжуулалт явагдаж байгаа холбоотойгоор эрүүл мэндийн салбарт давхар ачаалал үүсээд байна. Тиймээс халдварын тархалт нэмэгдсэн тохиолдолд эрүүл мэндийн систем ачааллаа дийлэхгүйд хүрэх эрсдэлтэй” гэсэн юм.

ДЭМБ-аас дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын тархалт зургаан долоо хоногийн турш буурсан боловч өнгөрөгч долоо хоногт дахин өссөн талаар мэдээлсэн. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт дэлхийн хэмжээнд 2.6 сая тохиолдол нэмж бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 7 хувь өссөн үзүүлэлт юм. Халдварын тархалтыг бүс нутгаар авч үзвэл Газрын дундад тэнгис, Зүүн Өмнөд Ази, Европ болон Америк тивд өвчлөл өмнөх долоо хоногоос 6-14 хувь өссөн байна.

Эх сурвалж: CNBC

Exit mobile version