Энтертайнмент

Охидынхоо гарт амиа алдсан Михаил Хачатурянд холбогдох хэрэг үүсгэжээ

Нийтэлсэн

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо 2018 онд гурван охиныхоо гарт амиа алдсан Михаил Хачатурянд холбогдох хэрэг үүсгэжээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр түүнийг охиддоо бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэрэг үүсгэсэн байна.

2018 оны долоодугаар сарын 27-нд хойд хөршид олныг хиртхийлгэсэн нэгэн хэрэг гарсан нь Михаил Хачатуряны үхэл байсан юм. Гэр бүлдээ байнга дарамт учруулж, гурван охиноо гэрт хорьж, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг байсан бизнесмен эрийг охид нь хутгалж хөнөөсөн байв. Эцгийнхээ дарамт шахалтыг тэвчиж чадалгүй аминд нь хүрсэн тэд хэргээ хүлээж, нас насанд нь тохирсон ялыг эдэлж байгаа юм.

57 настай армян эр Михаил Хачатурян нь баян, шашин шүтлэгтэй нэгэн байсан ч охидоо болон эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг төдийгүй хар тамхины хэрэгт орооцолдсон, жинхэнэ дарангуйлагч байжээ. Охидыг урьдчилан тохиролцож, бүлэглэн хүний аминд хүрсэн гэж буруутгавал тэдэнд 8-20 жилийн ял оноох юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхий прокурорын газар Хачатуряны охидыг өөрийгөө хамгаалах шаардлагатай болсны улмаас дээрх хэргийг үйлдсэн гэж үзэн, хэргийг дахин шалгахыг Оросын Мөрдөн байцаах хороонд үүрэг болгосон билээ.

Охидын өмгөөлөгч нар Ерөнхий прокурорын газрын шийдвэрийг дэмжиж байгаа боловч хохирогч Михаил Хачатуряны ах дүүс нь гурван охины өмгөөлөгчийг давж заалдсан үзэж байгаа аж.

Гурван охины ээж Аурелия Дундук нөхрийнхөө хүчирхийллийг тэсэлгүй гэрээсээ явж, нөхөр нь охидоо өөр дээрээ авч үлдсэн байжээ. Армян эр охидоо хичээл сургуульд нь явуулахгүй гэртээ хорьж, өөрийнх нь тушаал зааврыг биелүүлэхийг хатуу шаардаж, зодож, бэлгийн дарамт үзүүлдэг байснаас болж охид сургуулиа төгсөж чадаагүй аж. Олон жил дарамтанд байсан эгч дүүс эцэстээ эцгийгээ хутгалсан байдаг. Охид дарамт шахалтаас болж галзуурсан байсан гэж сэтгэл судлаачид үздэг. Тэд эцгээ хутгалсныхаа дараа цагдаа, түргэн тусламжийг яаралтай дуудсан ч 30 гаруй удаа хутгалуулсан Михаил Хачатурян шархаа даалгүй нас барсан байна.

 

Exit mobile version