Эдийн засаг

Монголбанкны дотоод аудитын дүрмийг олон улсын стандартад нийцүүлнэ

Нийтэлсэн

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал  гуравдугаар сарын 9-ний өдөр цахимаар болсон байна.  Тус хуралд  Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад Монголбанкны үүрэг оролцооны талаар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч  Г.Дөлгөөн, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн захирал А.Ананд нар мэдээлэл хийжээ.

Монголбанкин дахь арилжааны банкуудын болон тэдний өөрсдийн хөрөнгийн зээлжилтийг   нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, мэргэжлийнх нь чадварыг ашиглах замаар улсын эдийн засгийг сэргээх талаар Монголбанк  Засгийн газартай хамтран ажиллаж байгааг Зөвлөлийн гишүүд нааштай үнэлж, банк, аж ахуйн нэгж, төр, засгийн байгууллагуудын санал бодлыг сайтар авч, зөв зохицууулалт, менежменттэй ажиллахын зэрэгцээ эрх зүйн үндэслэл, хөрөнгийн эцсийн үр өгөөжид илүүтэй анхаарахыг зөвлөсөн байна.

Мөн Монголбанкны 2019 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын өгсөн санал зөвлөмж, түүний хэрэгжилтийн байдал болон цаашид анхаарах зүйлсийн талаар Монголбанкны Санхүү бүртгэлийн газрын захирал Ц.Гарьд, Мэдээллийн технологийн газрын захирал Д.Довчинбазар, Эрсдэлийн удирдлагын албаны захирал Д.Баянзул, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нарын тайлбар, саналыг сонсов. Монголбанкны Эрдэнэсийн сан дахь 1921 оны зоосон мөнгөний үнэлгээ, бүртгэл болон Монголбанкны санхүүжүүлсэн зарим үнэт цаас, өр зээлийн эрсдэлийн талаар жил бүр Хөндлөнгийн Аудитын хязгаарлагдмал дүгнэлт гаргаж байгааг нарийвчлан судалж, тодорхой шийдэлд хүрэхийг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголбанкны Санхүү бүртгэлийн газрын захирал Ц.Гарьд нарт зөвлөжээ.

Монголбанкны Дотоод аудитын газарт төслийн шугамаар ажиллаж буй гадаадын зөвлөхийн өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар болон цаашид хийгдэх ажлуудын талаар ДАГ- ын ахлах хянан шалгагч Т.Хосбаярын мэдээлэл, танилцуулгатай танилцжээ.

Тэрбээр танилцуулахдаа “…хөндлөнгийн чанарын үнэлгээний үр дүн, өгсөн зөвлөмжүүдийг үндэслэн ДАГ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох стратеги төлөвлөгөө буюу “Чанарын баталгаажуулалт ба сайжруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах 2020-2023 оны дунд хугацааны төлөвлөгөө”-г боловсруулан баталсан. Төлөвлөгөөнд үндсэн 30 асуудлын хүрээнд 82 ажил тусгагдсан бөгөөд одоогийн байдлаар аудитын удирдамж төлөвлөх зааврыг боловсруулах ажил,  эрсдэлд суурилсан аудитын удирдамжийн төслийг боловсруулсан ба Монголбанкнаас банкинд тавих хяналтын үйл ажиллагаа”-ны аудитын хамрах хүрээг тодорхойлоод байна. Цаашид Монголбанкны дотоод аудитын хамрах хүрээг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээний аргачлал, зааврыг боловсруулж, үйл ажиллагаанд ашиглах бэлтгэл ажлыг хангах, “Монголбанкны дотоод аудитын дүрэм”-ийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн боловсруулах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна” гэж тайлбарлажээ.

ДАГ-ийн хараат бус байдал, аудитын нэгжийн удирдлагын бүрэн эрх, түүний Монголбанкны Хяналтын Зөвлөлтэй харилцах харьцаа, ДАГ-ын төлөвлөлт, тайлагнал горим  зэрэг удирдлагын хүрээнд шийдэгдэх  асуудлуудад онцгой анхаарал хандуулж, энэ талаар тодорхой санал дүгнэлт гаргах чиглэлээр Хяналтын зөвлөл тус газрын холбогдох мэргэжилтэн нартай хамтран ажиллаж, Монголбанкны удирдлагын түвшинд дахин авч үзэж, саналаа нэгтгэх нь зүйтэй гэж үзжээ.

Монголбанкны Хяналтын зөвлөлөөс санаачлан Монголбанкны Судалгаа статистикийн газартай хамтран хийж буй “Монгол Улсын гадаад валютын зах зээлийн бүтэц, эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”, “Төв банкны Засаглалын өнөөгийн байдал ба олон улсын туршлага” судалгааны явцтай танилцаж, анхаарч ажиллах зүйлсийг хэлж, судалгааг түргэтгэхийг анхааруулсан байна.

Exit mobile version