Улаанбаатар

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын нэгдсэн уулзалт болж байна

Нийтэлсэн

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарыг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулж байгаа юм. Энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр үг хэлж, үүрэг даалгавар өгснөөс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нартай батламж байгуулж, албан тушаалын үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа. Мөн Ерөнхий сайд ИТХ-ын дарга нарт  энгэрийн тэмдэг, албан тушаалын үнэмлэх гардуулсан юм.

Уулзалтаар аймаг, нийслэлийн Засаг дарга нар Ерөнхий сайдтай байгуулах батламжинд гарын үсэг зурж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2021 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж  ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх, Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулна.

Түүнчлэн уулзалт, семинарын үеэр салбарын сайд нар мэдээлэл хийхийн зэрэгцээ аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал хэлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Exit mobile version