Улс төр

АН-ын даргын сунгаа дахиад эхлэх болчихов уу?

Нийтэлсэн

Монголд Ардчилсан нам гэдэг улс төрийн хүчин оршин тогтнож байх нь монголчуудад ашигтай.

Ардчилсан гэх тодотголтой нийгмээ авч үлдэх гэвэл нэг намыг түшсэн байдалтай удаан яваад байж болохгүй л дээ. Төрийн хяналт, тэнцлийн асуудал ч хөндөгдөнө. Гэвч, өнөөдөр Ардчилсан нам дотоод хагаралдаа баригдаад “сэхээ”-нээс мөд гарахгүй шинжтэй болоод явчихлаа. УИХ-ын хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН барьцаа улам л лавшруулахыг бодож байгаа. Нэгэн цагт Н.Алтанхуягийн удирдлага дор том, жижиг таван сонгуульд дараалан ялалт байгуулсан АН-ынхан “МАН-ыг газрын хөрснөөс арчина” гэж аархаж байв. Өдгөө МАН нь АН-ыгаа газрын хөрснөөс арчиж үүрдийн эрх мэдэлд очих хүсэл тээж яваа. Гурван сарын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад АН-ын байгаа байдал ч зориг оруулж байгаа биз.

Өнөөдөр АН-д бүх зүйл нь багадаа хоёр байна. Төв байр нь хоёр, дарга нь хоёр (аль алийг нь Улсын Дээд шүүх бүртгэхээс татгалзсан), Дотоод сонгуулийн хороо нь ч хоёр байна. Тэр хоёр Дотоод сонгуулийн хорооноос мөн л хоёр өөр намын даргыг тодруулах сунгаа зарлалаа. Тодруулбал, энэ сарын 3-нд Ц.Тувааны талын гэх АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал гэгч хүн нам доторх маргаан эцэс болсон гэж зарлаад, “АН-ын даргын сонгууль гуравдугаар сарын 28-нд болно. Гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэнэ. Гуравдугаар сарын 12-ны өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлж, 26-ны өдөр дуусна. Намын удирдлагад багтаж байсан хүмүүс дүрмээрээ намын даргад нэр дэвшихгүй. АН-д бүртгэлтэй 200 мянга орчим гишүүн бий. Тухайн гишүүдийн хамгийн олон саналыг авсан хүн намын дарга болно. Нэр дэвшигчид аль нэг аймагт очихгүй, зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчилгаа хийнэ” гэж байлаа.

Үүнийг дагаад АН-ын даргад нэр дэвших хүсэлтэй 16 хүн бүртгэж авсан байдаг. Гэвч өнөө шаардлага хангаж бүртгүүлсэн хүмүүс нь сонгуулийн зардалд шаардагдах мөнгийг хувааж төлөхөөс төвөгшөөгөөд эхнээсээ нэрээ татаад эхэллээ. Эхэндээ нэг хүн 70 гаруй сая төгрөг Дотоод сонгуулийн хороондоо гуравдугаар сарын 9-ний дотор тушаах байснаа зарим нь нэрээ татсанаас болоод 90 гаруй сая төгрөг болчихсон гэх. Мөнгөө олоод тушаачихсан нь мэдэгдэж байгаагаар Ц.Оюунгэрэл байгаа бололтой. О.Цогтгэрэл, О.Амартүвшин нарын хүмүүс олоод өгчихсөн байх магадлалтай юм. Тэр нь Х.Баттулгынх, энэ нь Ц.Элбэгдоржийнх гээд нэр дэвшигчдийг олон нийт дөнгөж сонжиж, шохоорхож байтал АН-ын даргын дахиад нэг сунгааны зар түгэв. Тодруулбал, өчигдөр С.Эрдэнийн гэгдэх АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг гэгч хүн мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-ын даргын сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болно. Нэр дэвшигчдийн бүртгэл гуравдугаар сарын 19-20-нд эхэлнэ. Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо өнөөдөр хуралдаж Үндэсний бодлогын хорооны нөхөн сонгууль, дунд шатны намын дарга нарын сонгуулийг гуравдугаар сарын 17-нд хийхээр тов зарлаж байна. Мөн АН-ын Дотоод сонгуулийн хорооны 2021 оны хоёрдугаар сарын 24-ний 02 тоот тогтоолын 1.3 дахь заалтыг өөрчилж, нийслэлийн намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын хэмжээг 25 сая төгрөгөөр тогтоов. Мөн Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын хэмжээг 35 сая төгрөгөөр тогтоолоо” гээд зарлачихлаа. Улмаар АН-ын даргын сунгаа дөрөвдүгээр сарын 25-нд болж, тавдугаар сарын 2-ны хурлаар шинэ даргаа батламжлана гэжээ. Нэр дэвшигчдээс хурааж авах мөнгө нь хоёр, гурав дахин бага юм байна. Тэгэхээр энд бас нэр дэвшигчид оролцож таарна. Үүнээс гадна С.Эрдэнийн талыг баримталж байгаа АН-ын нөлөө бүхий лидерүүд ч бий. Хурал цуглаанд нь идэвхтэй байснаас харахад Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, С.Одонтуяа нар энэ талд байгаа. Ийм байхад одоо өрнөж байгаа АН-ын даргын сунгаа нь төгсгөл рүүгээ сарниад өнгөрөх байх. Хоёр хуваагдсан хэсэг нь нэгдэж нийлж сайн ойлголцохгүй бол ирэх зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвшигчээ тохирч чадахгүй сууж байх болох нь. АН-ын даргын сунгаа дахиад эхлэл дээрээ ирээд байгаагаас нь харахад шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version