Улаанбаатар

Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газраас Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчидтэй “ХАРИЛЦАН ЯРИЛЦЪЯ-ХАМТДАА ШИЙДЬЕ” өргөтгөсөн уулзалтыг зохион байгууллаа

Нийтэлсэн

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрийн байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийн өнөөгийн нөхцөл байдал, төслийн үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Харилцан ярилцъя-Хамтдаа шийдье” өргөтгөсөн уулзалтыг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хангарди ордны 14 давхрын “Их танхим”-д зохион байгууллаа.

 

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 17 байршлын 37 хэсэгчилсэн талбайд 32 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2013-2020 онд нийт 1,899 айлын газрыг чөлөөлж, 10,287 айлын орон сууц ашиглалтад оруулж, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гадна инженерийн шугам, сүлжээний ажилд 171,4 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

Уулзалтаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, гурван талт гэрээний хэрэгжилт, барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэсэн 4 чиглэлээр төсөл хэрэгжүүлэгчдийн санал, хүсэлтийг сонсож ажиллалаа.

Уулзалтын үр дүнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн орон сууцны борлуулалтыг дэмжих, иргэдийн орон сууц худалдан авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ипотекийн 6 хувийн зээлд хамруулах, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд төслийг амжилттай хэрэгжүүлж, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамруулах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд барилгын зөвшөөрөл давхардуулан олгохгүй байх талаар холбогдох байгууллагууд чиглэл өгөх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг барих төсөв хөрөнгийг шийдвэрлэх зэрэг шийдвэрүүдийг гарган нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд уламжилж, шийдвэрлүүлэхээр боллоо.

Exit mobile version