Улс төр

Д.Сумъяабазар:Төрийн албан хаагч бүр тасралтгүй хөгжиж байх ёстой

Нийтэлсэн

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй  төрийн албан хаагчийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэллээ.  Тус шалгалтын нээлт нийслэлийн засаг, захиргааны V байранд болсон.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар төрийн албаны шалгалтад оролцож буй хүмүүст хандаж үг хэлсэн юм.Тэрээр “XXI зуунд мэдээллийн технологийн хэрэглээ өсөж, шинэ зууны мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, хандлага өөрчлөгдөж байгаатай уялдуулж улс орнууд төрийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах шаардлага тулгарч байна. Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэн, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглаж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, тэгш, нээлттэй хүргэх тогтолцоог хөгжүүлэхээр олон арга хэмжээг төлөвлөн тусгаж, эхний алхамуудыг хийж эхэлсэн.   Төрийн албаны шинэтгэлийн цөм нь төрийн албан хаагчийн манлайлал юм. Манлайлал бол зөвхөн удирдах ажилтанд хамааралтай ур чадвар биш. Хувь хүн бүр, төрийн албан хаагч бүр өөрийгөө, хамт олноо цаашлаад нийгмээ манлайлан тасралтгүй сурч, хөгжиж байх ёстой.  Төрийн албан хаагчид та бүхнийг шударга, ил тод, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга дэг журмыг сахин, Монгол төрийнхөө төлөө чин шударгаар зүтгэж, улс орныхоо нийгмийн хөгжлийн манлайлагч, түүчээлэгч нь байгаасай хэмээн уриалж байна” гэсэн юм.

 Эх  сурвалж:www.polit.mn

Exit mobile version