CRI Монгол радио

Бразилд цар тахлын эсрэг тэмцэх үндэсний бодлого алга

Нийтэлсэн

Дэлхийн ихэнх оронд халдварын тоо эрчимтэй буурч байгаа бол эсрэгээрээ Бразил улсад улам нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрлээ. Тус улсад COVID-19-ийн шинэ хувилбар хурдацтай тархаж байгаа ч ерөнхийлөгч Жайр Болсонарогийн жишгийн даган иргэд маск зүүж, зай барихаас татгалзсан хэвээр байна.Үүнээс болж халдварын нас баралт эрчимтэй нэмэгдэж байгааг шинжээч анхаарууллаа. Бразилд 273 мянга гаруй хүн нас барж, халдвараар амиа алдсан хүмүүсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт жагсаж байна.

Бразилын 26 мужаас 22 мужийн эмнэлгийн 80 хувь нь өвчтөнөөр дүүрч, зарим эмнэлэг  ямар ч өвчтөн нэмж хүлээн авах боломжгүйд хүрчээ. Энэ талаар Санта Катарина мужийн нийслэл Флорианополис хотын сувилагч Давид Молин “Халдварын нэгдүгээр давлагаанаас хойш ажиллаж байгаа ч ийм нөхцөлд хүрч байсангүй. Эмнэлгийн бүх ор дүүрсэн. Гэтэл эмчлүүлэх шаардлагатай олон хүн гадаа биднийг хүлээж байна. Халдварын тоо ийн нэмэгдсэнд Зул сарын баяраас эхэлсэн олон баярын үеэрх цугларалт, үдэшлэг нөлөөлсөн. Тэд хөл хориог баримтлаагүй” гэлээ.

Рио де Жанейро хотын захирагч Эдвард Пэйс баар, рестораныг өглөө 06:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл ажиллах захирамж гаргасан юм. Гэвч хүмүүс олноороо нэг дор цугларсан хэвээр байна. Тухайлбал, нэг зоогийн газарт 200 гаруй хүн маскгүй цуглаж, баяр тэмдэглэжээ.Энэ талаар Сан Пауло  хотын захирагч Жоао Дориа “Бразилийн эрүүл мэндийн систем сүйрлийн ирмэгт ирлээ. Манай улсад цар тахлын эсрэг тэмцэх үндэсний бодлого алга. Хотын захирагчид иргэддээ ижил мессежийг хүргэж чадахгүй байна” гэсэн юм.

Гэвч Ерөнхийлөгч Болсонаро хүмүүсийг гэртээ байхыг албадахгүй гэсэн байр суурьтай байна. Өнөөдрийн байдлаар тус улсын нийт хүн амын дөрвөн хувь нь вакцинд хамрагджээ.

Эх сурвалж:CNN

Exit mobile version