Дэлхий
Ши Жиньпин, Дональд Трамп нар коронавирусийн асуудлаар ярилцжээ
Өнөөдөр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаар ярихдаа коронавирусийн гамшгийн асуудлыг хөндсөн тухай Хятадын төрийн төв хэвлэл мэдээлжээ.
Хятад улс вирусийн тархалтыг зогсоож чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа бөгөөд үүний тулд бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байгааг Ши Жиньпин энэ үеэр мэдэгдсэн байна.
Тэр бас коронавирусийн гамшиг Хятадын эдийн засгийн урт хугацааны хөгжил цэцэглэлтэд нөлөөлөхгүй гэдгийг АНУ-ын ерөнхийлөгчид амласан гэнэ.
Хариуд нь Дональд Трамп мөн Хятад улсын аюулт өвчний вирустай тэмцэх хүчин чадалд итгэж байгаагаа илэрхийлээд гамшгийг даван туулахад нь амжилт хүссэн байна.
“Хоёр удирдагч гамшгийн нөхцөл байдлын асуудлаар талууд байнга мэдээлэл солилцож, ойр хамтран ажиллах хэрэгтэй гэдэгтэй санал нийллээ” гэж Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ.
Хятадын төв бүсийн Ухань хотоос өнгөрсөн оны сүүлээр илэрсэн шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 31,000 хүрч, нас барсан хүний тоо 636 хүрээд байна. Тэдгээрийн ихэнх нь Хятад улсад ноогдож байгаа юм.
Эх сурвалж: Straits Times