Эрүүл мэнд

С.Энхболд: Иргэд ямар вакцин хийлгэхээ өөрсдөө сонгохгүй

Нийтэлсэн

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2021.03.15/ Төрийн ордонд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 


-Улсын Онцгой комисс болон Засгийн газраас “Нэг хаалга, нэг шинжилгээ” арга хэмжээ үр дүнтэй болсон гэж тайлбарладаг. Гэтэл халдвар авсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үнэхээр төр, засгийн авч байгаа арга хэмжээ, шийдвэрүүд үр дүнтэй байна уу, эсвэл та бүхэн ажлаа хийж чадахгүй байгаа хэрэг үү?

-Та бүхэн мэдэж байгаа. “Нэг хаалга, нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулж, хоёрдугаар сарын 11-23-ны өдрийн хооронд 12 хоногийн хөл хориог тогтоосон байдаг. Энэ арга хэмжээ маш үр дүнтэй болсон. Нийт 33 голомтын 200 гаруй халдвартай хүнийг илрүүлж, тусгаарласан. Бүх хорио цээр, дэглэм алдагдаагүй. Халдвар тархаад байгаа шалтгаан нь ард иргэд олон нийтийн газарт бөөгнөрөх, арга хэмжээг олон хүнтэйгээр зохион байгуулах, шөнийг цагаар хөл хөдөлгөөн ихэссэн зэрэгтэй холбоотой байна. Энэ бүхэн халдвар тархах нэг нөхцөл гэж үзэж байна. Тандалтын шинжилгээнүүдийг хийж байна. Цаашид халдвар улам тархах эрсдэл дагуулж буй тул Эрүүл мэндийн яамнаас санал оруулж байж 14 хоног 14 салбарыг хязгаарлууллаа.

-Иргэдийг вакцинжуулах ажил ямар шатандаа явна вэ. “AstraZeneca” вакцин хийхийг зарим оронд хориглосон, өндөр настай хүнд хийж болохгүй гэх мэдээлэл гараад байна. Үүнд тайлбар өгнө үү?

-“AstraZeneca” вакциныг 65-аас дээш насны хүнд хийж болохгүй гэсэн зөвлөмж бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бид мэдэгдэл авсан. “AstraZeneca” вакциныг дэлхийн гурван оронд хийхийг түр зогсоосон байгаа болохоос хэрэглэхийг нь хязгаарласан зүйл байхгүй. Тэр 30 гаруй хүнд цусны бүлэгнэл үүссэн гэдэг мэдээлэл нь вакцинтай холбоогүй, судалж байна.

-“AstraZeneca” вакциныг үргэлжлүүлж хийнэ гэсэн үг үү?

-Тийм. Зорилтот бүлэг зэрэг төлөвлөгөөний дагуу явж байна. Энэ долоо хоногоос 50-64 насны 185 мянган иргэнд хийнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хийнэ.

-Иргэд вакцинаа сонгох боломж бий юу?

-Манай улс дөрвөн вакциныг зөвшөөрсөн. Үүнийг манай иргэд сонголтоор хийнэ гэж ойлгоод байх шиг байна. Эмч үзлэг хийж, тухайн иргэнд аль вакциныг хийхээ шийдэх болохоос иргэн өөрөө шийдэхгүй.

-Коронавирусний халдвар авч, тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан өндөр настай эмэгтэй өнгөрсөн шөнө нас барсан гэх мэдээлэл бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Төв аймгийн иргэн, 70 настай эмэгтэй нас барсан. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан. Гуравдугаар сарын 11-ний өдөр ирж, тусгаарлагдсан. Маргааш нь шинжилгээгээр сөрөг гарсан. Тусгаарлагдах гээд ирсэн өдөр нь Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс шинжилж үзсэн. Үзэхэд энэ хүн хөнгөн хэлбэрийн ой тогтоолтын алдагдалтай, хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлтэй гэдэг дүгнэлт гарсан. Тусгаарлах байранд авсан шалтгаан нь энэ хүн Төв аймагт ганцаараа амьдардаг байсантай холбоотой. Долоо хоног тусгаарласан, өдөрт 4-5 удаа эмч үзэж байсан ч өчигдөр гэнэт нас барсан. Ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал задлан шинжилгээ хийнэ. Тэгж байж нас барсан шалтгаан, оношийг тодорхой болгоно.

-Урьдчилсан дүгнэлт гарсан уу?

-Суурь өвчний шалтгаантай байх магадлалтай. Шинжилгээгээр сөрөг гарсан.

Exit mobile version