Энтертайнмент
ХААНА Ч ЦУГТАА I Үргэлж ээжтэйгээ хамт явдаг одод
Олны хайр, хүндлэлийг хүлээсэн эдгээр авьяаслаг залуус ээжтэйгээ үргэлж хамт байж, аливаа арга хэмжээнд ээжүүдээрээ “гоёх” дуртай.
Леонардо ДиКаприо
Ээж Ирмелин Инденбиркен
Бүхий л албан ёсны арга хэмжээ, шагнал гардуулах ёслолд Лео ээж Ирмелинтэйгээ очдог. “Ээж минь миний амьдралын төв. Тэр бол жинхэнэ эрдэнэс. Би түүн шиг л бүсгүйг хайдаг” гэж “Оскар”-ын эзэн Леонардо Ди Каприо ярьсан билээ. Лео ээжийгээ гэр бүлээ ядуурлаас аварсан ганц хүн нь гэдэг. Жүжигчний гэр бүл хамгийн ядуу гудамжинд хүндхэн амьдардаг байжээ. Тэдний гудамж биеэ үнэлэгчдээр дүүрсэн, байсхийгээд л гэмт хэрэг, хүчирхийлэл гардаг байсан тухай Лео дурссан байдаг. Ээж нь гэр бүлээ тэжээхээр хэд хэдэн ажил зэрэг хийжээ. Энэ нь ч амжилт олж, Лео удалгүй “их амьдрал”-д хөл тавьсан байна. Ээж нь Леогийн сонголтыг дэмжиж, хүүгийнхээ авъяаст хамгийн ихээр итгэдэг байжээ. Чухам тэр хүн байгаагүй бол өдий зэрэгтэй амжилтад хүрч чадахгүй байснаа Лео ярьдаг.
Криштиану Роналду
Ээж Мария Долореш душ Сантуш Авейру
Криштианугийн гэр бүлийн мөнгө дөрвөн хүүхдээ тэжээхэд арай гэж л хүрэлцдэг байжээ. Ирээдүйн алдарт хөлбөмбөгчин болон түүний ах, хоёр эгчийг нь тэжээхийн тулд ээж нь өдөр шөнөгүй ажилладаг байсан аж. Бяцхан Криштиануд байсан ганцхан тоглоом болох бөмбөг түүний хувь тавиланг шийдсэн байна. Хөлбөмбөгчнийг шантрах бүрт ээж нь түүнийг дэмжиж, хөл дээр нь босгож байжээ. Мария Долореш одоо алдартай хүү, бэр, ач нарын хамт амьдарч байна. Тэрбээр хүүдээ хүүхдүүдээ өсгөхөд нь мөн л том тус хүргэж байгаа аж.
Брэдли Купер
Ээж Глория Кампано
Брэдлийг анхны эхнэр жүжигчин Женнифер Эспозитоосоо салахад нөлөөлсөн хүн бол ээж нь гэсэн яриа Холливудад байдаг. Харин Ирина Шейк хадам ээжтэйгээ хэл амаа зөв ололцсон гэж хүмүүс ярьдаг аж. Тэгвэл Брэдли энэ талаар нэг их ярьдаггүй. Жүжигчин “Би энэ “Оскар”, амжилтуудынхаа тухай ярихыг хүсэхгүй байна. Надад байгаа хамгийн том зүйл бол ээжтэйгээ сайхан холбоотой, бие биеэ гэсэн чин сэтгэлтэй байгаа нь” гэжээ. Гурван жилийн өмнө Брэдли аавыгаа нас барсны дараа ганцаардаж байсан ээж дээрээ нүүж очжээ. Тэрбээр ээжийгээ гэрэлт амьдралд эргүүлэн авчирсан гэхэд болно. Улаан хивсэн дээгүүр хүүгээ сугадан явдаг Глория алдартай жүжигчин хүүгээрээ үнэхээр бахархаж байгаа нь илт байдаг.
Брэд Питт
Ээж Жейн Питт
Жейн хүүдээ байнга тусалж, түүний шийдвэрүүдийг дэмжсээр иржээ. Брэдийн сонгож байсан хүүхнүүд нь таалагдахгүй байсан ч Жейн хүүгийнхээ төлөө бүгдийг нь хүлээж авч байжээ. Брэд 12 жил хамт амьдарсан Анжелина Жолигоос салсан энэ үед ч тэрбээр хүүгийнхээ дэргэд түшиж тулж байгаа аж.
Дэвид Бекхэм
Ээж Сандра Жоржина Уэст
Хөлбөмбөгийн домог Дэвид Бекхэм сайн аав байдаг шигээ сайн ч хүү байдаг. Тэрбээр ээжтэйгээ хамт тэмцээн, арга хэмжээнүүдэд очдог билээ. Дэвид тун завгүй өдрүүдийнхээ чөлөөгөөр ээж дээрээ заавал очдог байна. “Түүнгүйгээр би юунд ч хүрэхгүй байсан” гэж хөлбөмбөгчин ярьдаг.
Жаред Лето
Ээж Констанс Лето
Констанс бол хоёр авъяаслаг хүүгийн ээж. Жаред, Шеннон нарыг ээж нь л жүжиглэх урлаг руу оруулж, хамгийн ихээр дэмжжээ. Жаредын хүслийг нь ойлгож, гэр бүлийн бусад гишүүдээсээ зөрөн цэргийн сургуульд явуулахаас татгалзсан ээжийгээ Жаред Лето сахиусаа гэж нэрлэдэг. Тэрбээр “Ээждээ болон ах Шеннондоо бүх зүйлд баярлалаа. Ээж багаас минь бидэнд хөгжим сонсгодог байсан. Шеннон дандаа бөмбөрддөг байлаа. Би маш зөв уур амьсгалд өсчээ” гэж ярьсан билээ.
Мэттью МакКонахи
Ээж Мэри Кэтлин МакКонахи
Холливудын мундагуудын нэг болох Мэттью МакКонахи эхнэртэйгээ бус ээжтэйгээ байнга хамт явдаг билээ. Тэрбээр хошин шогийн мэдрэмжийг ээжээсээ өвлөн авчээ. Мэри Кэтлин МакКонахи 82 настай ч хүүтэйгээ хамт үдэшлэг хэсэн өглөө болтол явдаг аж. Мэттью “Би ээжээс түрүүлээд гэртээ харьсан байдаг. Намайг унтахаар хэвтэх үед ээж гартаа хундага дарстай хөгжилдөж суудаг байх” гэж хошигносон байдаг.