Улс төр

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр COVAX хөтөлбөрийн хандивлагч орнуудын Элчин сайдуудад талархал илэрхийллээ

Нийтэлсэн

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өнөөдөр олон улсын вакцин хангамжийн COVAX хөтөлбөрт оролцогч Австрали, Америк, Болгар, Их Британи, Герман, Европын холбоо, Итали, Канад, Кувейт, Франц, Унгар, Хятад, Япон зэрэг донор орны Элчин сайд нар болон ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс COVAX хөтөлбөрийн хүрээнд КОВИД-19 цар тахлын эсрэг вакцины эхний хэсэг болох 14,400 тунг гуравдугаар сарын 12-ны өдөр хүлээн авсантай холбогдуулан донор орнуудын Элчин сайд нарт дахин талархал илэрхийлэв.

Түүнчлэн цаашид тус хөтөлбөрийн хүрээнд хуваарийн дагуу олгох AstraZeneca, Pfizer вакцины үлдсэн хэсгийг ойрын хугацаанд нийлүүлэх талаар санал солилцов.

Олон улсын вакцин хангамжийн COVAX хөтөлбөрийг Австрали, Австри, Америк, Бельги, Их Британи, Бутан, Герман, Грек, Дани, Европын Холбоо, Ирланд, Итали, Исланд, Испани, Канад, Катар, Колумби, Кувейт, Люксембург, Монако, Нидерланд, Норвег, Өмнөд Солонгос, Саудын Араб, Сингапур, Финланд, Франц, Швед, Швейцар, Шинэ Зеланд, Эстони, Япон зэрэг улс болон төрийн бус 14 байгууллага, сан, корпорациас санхүүжүүлж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Exit mobile version