Улс төр

Сайд Б.Батцэцэг нар Европын холбоог гомдоов

Нийтэлсэн

Манайхан бөхчүүдээ “Авахаа л мэдэхээс талархаж мэдэх биш” гэж голонгуй ярьдаг болчихоод байгаа. Гэхдээ бөхдөө учир нь байгаа биш бололтой. Ер нь нийтээрээ юм байна.

Гадаад харилцааны яам, сайд нь хүртэл өглөгийн эздээ гомдоосон явдал гарчээ. Уг нь бол дипломат алба гэхээр чинь нарийн чанд дэгтэй, бүхнийг яс тас хийдэг л газар баймаар юм.

Тодорхой хэлбэл, өнгөрсөн баасан гарагт олон улсын вакцин хангамжийн “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 14400 АстраЗенека вакцин  хүлээж авсан. Энэ бол Европын холбооны донор орнууд 2.2 тэрбум евро зарцуулан дэлхийн хөгжил буурай 92 оронд жилийн эцэс гэхэд 1.3 тэрбум тун вакцин нийлүүлэх аварга төсөл л дөө. Эдгээр буурай орны тоонд манайх ч багтаж эхний ээлжээ хүлээж авсан гэсэн үг. Цаашдаа энэ хөтөлбөрийн дагуу манай улс АстраЗенека вакцинаас 112.8 мянга, АНУ-ын “Pfizer” компани болон ХБНГУ-ын “BioNTech” компанийн хамтран хөгжүүлсэн вакцинаас 25,740 тунг тус тус хүлээж авахаар байгаа.

Харамсалтай нь, өнгөрсөн бямба гарагт Гадаад харилцааны яамны албан ёсны вэб сайтад тус хандивыг хүлээж авсан талаар мэдээлэхдээ Европын холбоог огт дурдаагүй аж. Вакцин хүлээж авсан сүрт ёслолд нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарын хүмүүс багтсан атлаа Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас зочин уриагүй нь дипломат талдаа муухай л юм. Тэр нь дүүрч гэхэд албан мэдээндээ ганц өгүүлбэр оруулчихад ер нь яах вэ дээ.

Тиймээс ч Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын албан ёсны вэб хуудсанд ийм пост орсон хэрэг. Түүнд бичсэнээр бол “Харамсалтай нь, хандивлагчдын талаар ганц ч үг байсангүй ээ” гэжээ. Үүнийгээ Засгийн газар, Шадар сайд С.Амарсайхан нарт хаягласан байна. Улмаар өөрсдийн ажил байдлаа танилцуулсан мэдээллийг албан ёсны мэдээллийн сайтдаа оруулж түүнийгээ мөн Европын холбоо, Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Шадар сайд С.Амарсайхан нарын цахим хуудсанд хаяглажээ. Энэ юуг харуулж байна гэхээр монголчууд бид төр засгийнхаа хэмжээнд хүртэл олон улсын хэмжээнд бүдүүлэг бурангуйгаараа алдаршиж, доог тохуу болжээ гэсэн үг. Гэтэл энэ асуудлаар сошиал орчинд шүүмжлэл өрнөөд эхэлтэл Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нь сайдаа өмөөрөөд гомдсон талыг зэмлэж “Тухайн арга хэмжээний үеэр сайд хандивлагчдадаа баярлалаа гэж хэлсэн” гэсэн юм уу даа. Үүгээрээ мэдээ хийлгээд мэдээллийн сайтуудаар тараасан байна лээ. Ямар шалгуураар иймэрхүү хүмүүсийг хариуцлагатай албанд томилоод байдгийг эрх баригчдаас асуух цаг нь болжээ.

Хүний өгсөн тус их бага нь хамаагүй, харин түүнд нь талархаж сурах хэрэгтэй. Соёлт ертөнц тийм байдаг юмаа гэсэн хичээлийг Европын холбооны төлөөлөгчийн газрынхан манай Засгийн газарт заалаа. Ер нь тэгээд олон улсын донор орнуудаас оруулж ирсэн вакциныг хүлээж авахдаа ийм алдаа гаргах юм бол зарлаад ч хэрэггүй. Манай улстөрчид эртэй сайндаа вакцин авчирч буян үйлдэж байгаа мэт авирлаж, өөрсдийгөө зурганд гоё гаргах гэж гүйдэг нь ч хэтрээд байгаа л даа. Ард талдаа нэг иймэрхүү л бантан хутгаж байна. Европын холбооны нөхөрсөг, тусч улс орнуудад манай сонины зүгээс хандаж хэлэхэд монголчууд бүгдээрээ ийм увайгүй, мэдлэггүй биш юм шүү. Та бүхний илгээсэн тусыг Монгол ардын үгэнд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” хэмээн хүндэтгэн тосдог учиртай. Өглөг бүр эзэнтэй гэдгийг ухамсарладаг манай ард түмэн өнөөдрийн энэ тусад чинь маш их талархаж байгаа гэдгийг дахин дахин хэлье.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version