Дэлхий

2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ, Иран улсууд нөлөөлөхөөр оролдсон тухай тагнуулын тайланд мэдээлжээ

Нийтэлсэн

2020 онд болж өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд гадаад улс орнуудаас нөлөөлөх ямар оролдлогууд гарсан талаар тус улсын тагнуулын төв байгууллага дүгнэлтээ танилцуулжээ.

АНУ-ын Үндэсний Тагнуулын Газраас өчигдөр гаргасан 15 хуудас тайланд энэ тухай өгүүлсэн байна.

Тайланд өгүүлснээр Москвагийн эрх баригчид Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байденыг ялагдуулж, өмнөх ерөнхийлөгч, Бүгд Найрамда Намын нэр дэвшигч Дональд Трампыг ялуулах зорилготой ажиллажээ.

“ОХУ өөрийн төлөөний хүмүүсээрээ дамжуулан Трампын ойрын хүрээлэлд амжилттай нэвтэрсэн байна. Тухайлбал Андрей Деркач, Константин Килимник зэрэг Оросын тагнуулын ажилтнууд ийм замаар одоогийн ерөнхийлөгч Байдены нэр хүндийг унагах худал, хуурмаг мэдээллийг манай улс төрийн системд нэвтрүүлжээ” гэж АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын тагнуулын байнгын хорооны дарга Адам Шифф танилцуулсан байна.

Килимник нь 2016 оны сонгуулиар Трампын кампанит ажлыг удирдаж байсан Пол Манафорттой хэлхээ холбоотой гэсэн мэдээлэл өмнө нь цацагдаж байсан юм. Манафортыг АНУ-ын хуулийн байгууллага гэм буруутайг нь тогтоож, шоронд хорьсон ч Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаас буухынхаа өмнөхөн өршөөлөөр суллаж байв.

Деркач нь Трампын хувийн өмгөөлөгч Руди Жулианитай ойр хамтран ажиллаж, өрсөлдөгчийнх нь нэр төрийг унагах баримт материал цуглуулахад дэмжлэг үзүүлж байжээ.

2016 оны сонгуулиас ялгаатай нь энэ удаа Оросын хакерууд АНУ-ын сонгуулийн системд нэвтрэх оролдлого гаргаагүйг тагнуулын байгууллагын тайланд мэдээлсэн байна.

Харин Ираны тал өөрт нь дайсагнагч Дональд Трампын нэр хүндийг унагах мэдээллийн дайн явуулсан бол Хятад улсын зүгээс сонгуулийн үр дүнд нөлөөлөх ямар нэг оролдлого гаргаагүйг мэдээлжээ.

Хоёр нэр дэвшигчийн хэн нь ч ялсан Америк-Хятадын харилцаанд нааштай эргэлт гарахгүй гэж Бээжингийн эрх баригчид үзэж байсан нь үүнтэй холбоотой гэж тайлбарласан байна.

Мөн Куба, Венесуэль улсууд, Ливаны Хезболлах зэвсэгт бүлэглэл АНУ-ын ерөнхийлөгчийн 2020 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаа явуулсан ч цар хүрээ нь Орос, Ираны зүгээс явуулсантай харьцуулахад бага хэмжээтэй гэж дүгнэсэн байна.

Адам Шифф “Ямар улс орон манай улс төрийн системд нөлөөлөхийг оролдож, хэний талд ажилласнаас үл хамааран хоёр нам нэгдмэл байр суурьтай байж, гадны аливаа явууллагын эсрэг зогсож чаддаг байх хэрэгтэй. Америкчуудын сонголтыг гадны нөлөөллөөс хамгаалах нь бидний үүрэг юм” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version